СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-02

Л.Оюун-Эрдэнэ: 90 орчим төсөл, хөтөлбөрийг шинжлэх ухааны судалгаа, дүгнэлттэй хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 сарын өмнө

“Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” сэдвийн дор тус салбарын 500 гаруй эрдэмтэн, судлаачтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д шинжлэх ухаан, технологийн ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Монгол Улсын хөгжил эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо, санаачилгаас шууд хамаарна гэдгийг Ерөнхий сайд онцлоод өнгөрсөн 30 жилийн хийгээд өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, хөгжлийн цаашдын зорилтуудыг танилцуулав.

Монгол Улс хэрэглээ, халамжийн эдийн засгаас үйлдвэрлэл, мэдлэгийн эдийн засагт шилжиж, эрэлт хэрэгцээ, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнд суурилсан төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хөгжлийн загварыг бий болгох шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
 
“Шинэ сэргэлтийн бодлого” нь УИХ-аас баталсан “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх, Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх зорилготой цогц бодлого юм. Боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, хот хөдөөгийн сэргэлт, төрийн бүтээмжийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үндэсний шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачдад тулгуурлаж, тэднийг идэвхтэй оролцуулна.

Монгол Улсын Засгийн газар ойрын 10 жилд эдийн засгийн хөгжлийг хурдасгах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл нь шинжлэх ухаан, мэдээлэл технологи, инновацын салбар хэмээн онцгой ач холбогдол өгч, бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллана. Ялангуяа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх 90 орчим томоохон төсөл, хөтөлбөрийг шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтэд нийцүүлж хэрэгжүүлнэ” гэлээ.

Мөн энэ удаагийн уулзалт, салбар хэлэлцүүлгүүдийн үр дүнд шинжлэх ухааны салбарт дутагдаж байгаа хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт татах боломж, оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар нэгдсэн шийдэл гаргахыг Ерөнхий сайд тус салбарынхнаас хүсээд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эдгээрийг хэлэлцүүлэхээ илэрхийллээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.