ИНЕГ-ынхан ажлаа хийж чадахгүйгээс агаарын тээврийн аюулгүй байдал алдагдаж эхэлжээ
Дайны эрсдэлийн даатгал нэрээр мөнгө угаасан хэрэгт ял шийтгүүлж байсан Ч.Хоролсүрэнгийн үүсгэн байгуулсан “Монголиан эйрвейс” ХХК-ийн эзэмшлийн “Eurocopter AS350” загварын JU-6888 дугаартай нисдэг тэрэг Төв аймгийн Аргалант сумын нутагт өнгөрсөн баасан гарагт осолдсон билээ.
Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь нисдэг тэрэгний зогсоолд техникийн үзлэг, засвар, үйлчилгээ хийх хүмүүс зорчиж явсан, сэнс нь гацсанаас ослын буулт хийсэн хэмээн тухайн үед мэдээлэл өгч байсан. Бодит байдал дээр бол нөлөө бүхий дөрвөн хүн зорчиж явсан бөгөөд нисдэг тэрэгний хөдөлгүүр агаарт унтарч ажиллахаа больсноос осолдсон гэж нисэх салбар гадарладаг, тэнд ажилладаг олон хүн хэлж байна.
Энэ осол гарахаас урьдчилан сэргийлэх боломж ИНЕГ, түүний нэгж болох Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба (НААХЗА)-ныханд байсан юм билээ. Харамсалтай нь, тус албаныхан ажил үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэнд давуу байдлаар үйлчилдгээс болж “Монголиан эйрвейс” ХХК-ийн нисдэг тэрэг осолдсон гэхэд хилсдэхгүй нь.
НААХЗА нь аюулгүй ажиллагааны удирдлагыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, гэрчилгээжсэн байгууллагуудын аюулгүй ажиллагааны тогтолцооны хэрэгжилтэд хяналт тавих, иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд нисэхийн аюулгүй ажиллагааг хангаж байгаа, эсэхэд чиглэсэн мэргэжлийн хяналт, зохицуулалтыг гүйцэтгэх ёстой.
Гэвч тус албыг төдийгүй ИНЕГ-ыг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нисгэгч, нисэхийн инженер мэргэжлийн хүн бус, эрх баригч намынхан, бизнесийн бүлэглэлийнхний “халаасны”, өөр мэргэжилтэй буюу нислэгийн удирдагч гэх ажил эрхэлдэг хүмүүс удирдах болсноор ийнхүү иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа алдагдаж, олон хүний амь эрсдэж ч болзошгүй нөхцөл байдалд хүрээд байна.
Өөрөөр хэлбэл, онгоцоо мэддэг хүмүүс бус, тэдний замыг чиглүүлж байдаг ажилтнууд ИНЕГ-ыг удирдаж буйтай холбоотой гэхэд хилсдэхгүй.
“Монголиан эйрвейс” ХХК-ийн өнгөрсөн бямба гарагт осолдсон нисдэг тэргийг гэхэд НААХЗА-ныхан, Техник үйлчилгээний хэлтсийнхэн нь хууль, дүрэм, журмын дагуу шалгаагүй, хэн нэгэн эрх мэдэлтэн утас цохисноор л нислэгт гаргах зөвшөөрөл олгосон байх магадлал өндөр юм билээ.
Тэдэнд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтайгаас техник үйлчилгээний чанар муу, хяналтаа зохих ёсоор тавьж чадахгүйд хүрч буй гэнэ. НААХЗА-ныхан хууль, дүрэм, журмын дагуу үүргээ гүйцэтгэсэн бол “Монголиан эйрвейс” ХХК-ийн нисдэг тэрэг нислэгт гарах учиргүй байж.
Бидэнд олдсон мэдээллээр тус компанийн хариуцсан захирал, инженерүүд ажлаасаа гарсан учраас агаарын хөлгийг нисгэх нь бүү хэл, үйл ажиллагааг нь ч түдгэлзүүлэх хэмжээнд очих байж. Гэвч ИНЕГ, түүний нэгж болох НААХЗА-ныхан энэ бүхнийг төдийгүй агаарын хөлгийн олон зөрчил, дутагдлыг хав дарсаар байна.
Өдгөө тэд агаарын хөлөгт хяналт тавих мэргэжлийн боловсон хүчингүй болсноо хаацайлахын тулд 20 жилээс дээш хугацаагаар ашигласан онгоцыг Монгол Улсад нислэгт гаргахгүй байх стандарт тогтоохоор холбогдох байгууллагад саналаа хүргүүлсэн байх юм.
Уг нь бол манайхны даган дуурайж буй АНУ-д гэхэд 1950-иад оны үеийн онгоцыг засвар, үйлчилгээг нь чанартай хийгээд ашигладаг, тэр нь Монгол Улсад ирж нислэг үйлдэж байгаад явсан баримт ч бий. Тэгэхээр төр, засаг, хариуцсан салбарын яам нь иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд шинэчлэл хийж, улс төрийн аль нэг нам, бизнесийн бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг хүмүүсээ ч солих шаардлага тулгараад байна.
Иргэний нисэхийн салбарт төрийн хяналт дутагдаж байгаа гэхэд хилсдэхгүй. Уг нь төр хянадаг бол Засгийн газраас МИАТ ХК-д олгосон татаасын зарцуулалтыг үр дүнтэй болгоод зогсохгүй агаарын тээврийн авиакомпаниудаар үйлчлүүлж буй иргэдийн аюулгүй байдлыг ч бодитоор хангана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.