? LIVE: Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарынхан "bottom" гэдэг үгийг "улны" гэж буулгажээ
Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэл болон яамны удирдах албан тушаалтнууд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Төрийн ордонд өчигдөр болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр “Манай яамныхан бол улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь биш дээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм" хэмээн хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байсан юм. Тэгвэл тус хэлсэн үгэндээ уучлалт гуйж ийнхүү хэвлэлийн бага хурал хийж байгаа юм байна.
ХНХ-ын сайд Д.Сарангэрэл:
-Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр Төрийн ордонд “Халамжаас хөдөлмөрт” гэдэг хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доогуур байгаа хүн амын бүлгийг улны айлууд гэж нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Миний хэлсэн үг бол олон улсын хэмжээнд ядуурлын хамгийн доод түвшин буюу хязгаар-bottom гэдэг үгийг улны айлууд гэж орчуулдаг гэж манай мэргэжлийн хүн маань ойлгуулсан. Би түүнийг нь бодолгүйгээр болгоомжгүйгээр хэлж олон хүнийг гомдоож бухимдал үүсгэлээ. Миний үг сонголтын буруу байсныг хүлээн зөвшөөрч байна. Олон жилийн турш ийм нэр томъёо хэрэглэж байгаа юм билээ. Тэр хүн надад ийм зүйл ярьсан, тэрнээс болж би алдчихлаа гэж би хэлж чадахгүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.