Замын халтиргаа, гулгаа ихсэхээс өмнө л дугуйгаа солих юмсан гэсээр байтал нэг л мэдэхэд цастай золгож, яаравчлан өвлийн дугуйны эрэлд гардаг нь жишиг болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс бид өвлийн дугуйны үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар “Да хүрээ” техникийн захыг зорилоо.
Захын үүдээр оронгуут дугуйг төрөл бүрээр нь эгнүүлэн өржээ. Манай улсад түгээмэл байдаг "Приус-20" маркийн автомашины дөрвөн дугуй авахад хээнээсээ шалтгаалаад 300-400 мянган төгрөг болж байна. Өнгөрсөн жил 120-250 мянган төгрөгөөр авдаг байсан гэдгийг худалдан авагчид онцолж байна.
Дугуй хээнээсээ хамаараад янз бүр байсан ч цар тахлын улмаас халаас нь нимгэрсэн иргэдийн хувьд дөрвөн дугуй биш хоёр өвлийн дугуй авч байна гэдгийг худалдагч дурдсан юм.
Худалдаа эрхлэгчдийн хувьд тээврийн зардал 3000 ам.доллароос 7000 ам.доллар болтлоо өсч, ачаа бараа удаж ирж байгаатай холбоотойгоор үнийг нэмсэн гэдгийг дуу нэгтэйгээр хэлж байна. Хагас жил шахам ачаагаа аваагүй хүлээж байна. Урьд нь Японоос дугуй захихад 21 хоногт ирдэг байсан бол одоо 7 сараас хойш захиалсан дугуй маань ирээгүй байна.
Одоогоор цас ороогүй болохоор иргэдийн худалдан авалт муу байна. Цас орвол иргэд дугуйгаа солиулах байх. Япон хуучин дугуй урьд нь 20 мянган төгрөг байсан бол одоо 40 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна гэлээ.
Дугуйгаа хэзээ солих шаардлагатай вэ?
Өвлийн дугуй нь зуны дугуйнаас хээний бүтэц болон найрлагаараа ялгаатай тул уян хатан чанар нь бага температурт хадгалагддаг. Цас байхгүй ч гэсэн өвлийн дугуйнууд нь зуны дугуйнаас илүү хүйтэн асфальт дээр ажилладаг бөгөөд шөнийн хяруу үеэр "гулсах" эрсдэл бага байдаг. Тиймээс, тогтвортой температур 5-7 хэмээс дээш байвал та өвлийн дугуйгаа "зуны" дугуйгаар сольж болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.