LIVE: Улсын дээд шүүх хоёр АН-ын аль алиныг нь бүртгэхээс татгалзжээ

Улсын дээд шүүхийн өнөөдрийн хуралдаанаар хоёр АН-ын аль алиныг нь бүртгэхээс татгалзжээ. Энэ талаар бид АН-ын хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүгээс тодрууллаа. 

АН-ын хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү: 

-УДШ-ийн шийдвэр бичгээр ирээгүй байна. Амаар авсан мэдээллээр аль алиныг нь бүртгээгүй байна. О.Цогтгэрэлийн АН-аас ирүүлсэн шаардлагуудыг хуульд нийцээгүй гэж үзэж, харин М.Тулгатын АН-ын зарим нэг бичиг баримтыг тодруулж, дахин хандаарай гэж шийдвэрлэсэн байна. 

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр УДШ-д Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн байгаа. Энэ шийдвэр хүчин төгөлдөр гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хоёр шинэ даргыг бүртгэхгүй, хуучин дарга болох С.Эрдэнэ нь хэвээр байна гэж шийдвэрлэлээ. 2017 онд баталсан АН-ын дүрэм хэвээр үйлчилж байгаа. 

Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд дахин өрсөлдүүлэхийн тулд дүрмээ өөрчилье гэдэг дээрээс болж Ардчилсан нам хоёр талд орсон шүү дээ. Одоо АН-ын дүрэм, удирдлага хэвээр байна. Дүрэмд заасны дагуу сонгуульд нэр дэвшигчийг дотоод сонгуулиар шийдвэрлэнэ гэсэн юм.

Харин, УДШ-ийн хэвлэлийн албанаас: 

-Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.