Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хорио тогтоох уу?

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөөний 08:00 цагт эхэлсэн. Энэ удаагийн хуралдаанаар хатуу хөл хорио тогтоох эсэх тухай асуудлыг хэлэлцэж байгаа гэх албан бус мэдээлэл байна.

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар авч буй хүний тоо өдөрт 800 давж, халдвараас үүдэлтэй нас баралт таван өдөр дараалан бүртгэгдсэн тул хатуу хөл хорио тогтоох саналыг ЭМЯ, УОК-оос удаа, дараалан гаргаад байгаа.

Хэдийгээр Засгийн газраас аль болох хатуу хөл хорио тогтоохгүй, эдийн засгаа дэмжих байр суурьтай байгаа ч халдварын тоо эрс нэмэгдэж байгаа учир хөл хорио тогтоож магадгүй гэх таамаг нийгэмд үүсгээд байна.

Тиймээс Засгийн газрын шийдвэрийг олон нийт анхааралтай хүлээж байна. Гарсан шийдвэрийн талаар бид цаг алдалгүй хүргэх болно. 

Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар:

-Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,

-"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,

-Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,

Танилцуулахаар:

-Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар,

-Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.