ВИДЕО: Шүүгч Т.Алтантуяа хүнд өвчтэй хүнд хүнлэг бус ханджээ
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа нь шулуун гэдэсний хагалгаа хийлгэж, нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 46 настай, эмэгтэй, Ц-г шүүх хуралд албадан ирүүлж, эрүүл мэнд, амь насыг нь эрсдэлд оруулсан гэх маш ноцтой мэдээлэл манай редакцид ирлээ.
Өчигдөр 09:30 цагаас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байрны найман давхарын зааланд /21 холбогдогчтой хэрэг учраас хамгийн том заалтай тус шүүхийн байранд шүүх хурал болсон/ Ландага хочит Ё.Батцэнгэл нарт холбогдох шүүх хурал эхэлжээ.
Шүүх хурал болсон танхим
Шүүх хурлын эхэнд шүүгдэгч Ц-ийн өмгөөлөгч Б.Тэнгис, даргалагч шүүгч Т.Алтантуяад хандан “Миний үйлчлүүлэгч Ц нь шулуун гэдэсний хагалгаанд хоёрдугаар сарын 16-ны өдөр орсон. Яг одоо Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайн хагалгаанд орсон хүн босч, сууж болдоггүй. Зөвхөн хэвтрийн дэглэм сахих ёстой тул эмнэлгээс гарах хүртэл нь шүүх хурлыг түр хойшлуулж өгөөч” гэдэг хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтуудыг өгчээ.
Гэвч Т.Алтантуяа шүүгч уг хүсэлтийг хангаагүйгээр барахгүй, өөрийн туслах н.Сэрчмаагаараа шүүгдэгч Ц-г руу яриулж, шүүх хуралд заавал биечлэн ирж оролц. Шүүхийн шаардлагыг биелүүлэхгүй бол албадлагын арга хэмжээ авна хэмээн дарамталж 11.00 цагийн үед шүүх танхимд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ц нь шүүх танхимд ирэхдээ эмнэлгийн халадтайгаа байсан төдийгүй, хүнд хагалгааны дараах маш их зовууртай нь илт байсан тул тухайн хэрэгт оролцож байсан 17 өмгөөлөгч нэг нэгээрээ босож “Энэхүү шүүх хурал нь Монгол Улсын Үндсэн хуулийн хүнлэг энэрэнгүй нийгмийг цогцлоон бүтээнэ” гэсэн зорилт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн адал балмад байдлаар үргэлжилж байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай, хүнд өвчтэй хүнийг ийм байдлаар шүүж болохгүй. Хагалгааны дараах дэглэмийг дуусах хүртэлх хугацаанд шүүх хурлыг хойшлуулж өгөөч” гэдэг хүсэлтийг гаргасан тул 12.00 цагийн үед шүүх хурал арга буюу хойшилсон байна.
Шүүх хурлын албан ёсны зар
Улстөрд нөлөөтэй, танил талтай, мөнгөтэй, хөрөнгөтэй хүний шүүх хурлууд ялих, ялихгүй шалтгаанаар удаа дараа хойшлуулах шийдвэрийг шүүгч нар гаргадаг мөртлөө хүндэтгэн үзэх шалтгаантай эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа ядарсан хүнд ийм харгис хэрцгий хандаж байгаа нь маш буруу. Шүүх танхимд болсон тэрхүү нөхцөл байдал дөнгөж төрсөн эхийг халадтай нь эмнэлгээс хөөж гаргаснаас огт ялгаагүй зэрлэг балмад үйлдэл болсон хэмээн эх сурвалж хэллээ.
Шүүгдэгч Ц-той утсаар холбогдож юу болсныг тодруулахад “Би шулуун гэдэсний хагалгаанд нэн даруй орох ёстой байсан хэдий ч коронавирусээс үүдэлтэй хатуу хөл хорионы улмаас хагалгаа хойшилсоор байгаад 16-нд болсон. Би шүүхийг хүндэтгэж товлосон хугацаанд оролцохыг хэдийгээр хүсэж байсан хэдий ч надаас үл шалтгаалах нөхцөлийн улмаас, эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүйд хүрсэн. Гэвч намайг заавал ирж шүүх хуралд оролц. Чамайг хүлээгээд байна гэсэн тул шүүх хуралд оролцохоор очсон. Эмнэлгийн халадтай байсан нь үнэн” гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.