АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Танд хэрэгтэй | 1 сарын өмнө

Зул өргөх ёсон түүний утга учир

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 сарын өмнө

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын (билгийн тооллын) 25-нд Богд Зонховын таалал барьсан дүйцэн өдөр тохиодог бөгөөд энэ өдрийг Монголчууд “Зулын 25” гэж нэрийдэн эртнээс тэмдэглэсээр иржээ.

Зул өргөх ёсон

Зул өргөхдөө үнэн сүсэг бишрэлээр бодь сэтгэлийг үүсгэн лам гурван эрдэнэд залбирч мунхагийн харанхуйг арилгах оюун ухаан билгүүний гэгээ улам бүр гийж, хамаг амьтан мунхагийн харанхуйгаас гэтлэх болтугай, бурхад бүгдийн мэлмий баясаж гэгээн буян арвижиж, гэм нүгэл нимгэрэх болтугай хэмээн чин сүжгийг ургуулан бодож өргөх учиртай.

Зул бүтээхдээ цэвэр ариуныг эрхэмлэн гараа сайтар угааж зулын голыг алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйлсээр хийсэн цөгцний хэмжээнд чанга, сул, өндөр, намыг нь тааруулан цэвэр хөвөнгөөр нар зөв ороож хийдэг. . Том цөгцөнд хийх зулын голыг дан хөвөнгөөр хийвэл тосонд нэвтрэхээрээ босдоггүй унадаг тул хятад тэвнэ, алт, мөнгө, төмөр, хуурай өвсний гадуур хөвөнгөөр ороож хийдэг.

Зулын гол ороож буй хөвөндөө хир буртаг байтугай амны уур, амьсгаа, шүлс зэргийг халдаахыг цээрлэдэг.

. Хэт хатуу чанга, нарийн бол дутуу жаргадаг, таарсан бол гэрэл нь тод тогтвортой удаан байдаг байна. Голоо цөгцөнд шигтгэхдээ нарийн үзүүртэй сэтгүүрээр дарах буюу өөрийг нь нар зөв эргүүлж шигтгэдэг. Үүний дараа амьтны гаралтай биш сүүний шим болсон шар тос болон ургамлын шим болсон ургамлын тос зэрэг хилэнцгүй, ариун сайхан шинэ тосыг зулын голыг дагуулан нар зөв тойруулж хийдэг.

. Цөгцөнд тос цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас амуу тарианы хэмжээний дундуур хийдэг байна. Амьтны гаралтай өөхөн тосоор зул өргөх нь зул тахил биш ахуйн зориулалттай дэн гэрэл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Ургамлын тос нь ургамлын үрийн хилэнцгүй тос тул зул өргөж болно. Ихэвчлэн шинэ шар тосоор зул өргөдөг.

Зул асаах, зул бүтээх үедээ амьсгалаа оруулалгүй, амны хаалт хийж хэвшвэл зохимжтой. Бурхан, шүтээнийхээ өмнө зул өргөхдөө:

Энэ зулыг шамдан өргөсний ерөөлөөр
Эрхэм билгүүний гэгээг түргэн олоод
Эх болсон хамаг амьтан бүгдийн
Эмгэнэлт мунхагийн харанхуй хирийг арилгах болтугай.
Тосон далай машид хуйларсны дунд
Тод мянган гэрэл бадраасан зул үүгээр
Түйтгэрт харанхуй галбыг хоцроолгүй гийгүүлээд
Төөрөлдсөн амьтад Бурханыг илтэд үзэх болтугай гэсэн ерөөл тавьж .

Хэрвээ зул өргөсөн бол тэр орчинд хэрүүл шуугиан гаргах, худал хэлэх, зэрэг гэм нүгэл гаргахгүй байхад анхаарч зулыг жаргах хүртэл сэтгэлдээ ариусахуйг бодож нэгэнт бадраасан зулыг байрнаас нь хөдөлгөх, жаргахаас нь өмнө үлээн унтраахыг цээрлэх ёстой.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.