Хятад эр гудамжинд эхнэрээ зодон, хөнөөжээ
БНХАУ-ын гудамжинд нэгэн эрэгтэй эхнэрээ зодон, амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн бямба гарагт гарчээ.
Тэгвэл энэхүү хэргийн зураг, бичлэг олон нийтийн сүлжээгээр өргөн тархсан бөгөөд тухайн үед уг явдлыг харж зогссон иргэдээс хэн нь ч хохирогч эмэгтэйд туслаагүй нь олон хүний уур хилэнг хүргэж, тус улсын гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр шинэ гэрэл тусгав.
Хэргийг тодруулбал, Шуожоу хотын оршин суугч эхнэр, нөхөр хоёр цахилгаан скүүтэр унаж яваад тээврийн хэрэгсэл мөргөсөн бөгөөд үүний дараа тус эрэгтэй ийнхүү эхнэрээ хүчирхийлсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Харин цагдаагийн байгууллагаас "Сэжигтнийг саатуулаад байгаа бөгөөд хэргийг шалгаж байгаа" хэмээн мэдэгдсэн юм.
Одоогоор олон сая үзэлт аваад буй бичлэгт гудамжны ойр хавьд байсан дугуйчин, жолооч болон явган зорчигчид бүгд уг хэргийг харан зогсож буй нь бичигдсэн байжээ. Уг бичлэгийг үзсэн олон мянган хүн энэхүү хүчирхийллийг зүгээр харж зогссон иргэд болон Хятадын Засгийн газрын гэр бүлийн хүчирхийллийн талаарх сул хандлагыг шүүмжилсэн байна.
Хятадын иргэд дунд гэмтэж, бэртсэн хүнд туслалцаа үзүүлбэл эмнэлгийн зардалд нь хариуцлага хүлээж, эсвэл луйврын урхинд орно гэсэн айдас түгээмэл байдаг тул ихэнх хүн аливаа асуудалд хөндлөнгөөс оролцох хүсэлгүй байдаг аж.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.