LIVE: Б.Норовсамбуу: Циркийг хувьчилж аваад хөгжим болон жүжигчдийн хувцсыг шатаасанд гомдож явдаг
Өнөөдөр 80 жилийнхээ ойтой золгож байгаа Монголын цирк бэлтгэл хийх байргүй, асар майханд үйл ажиллагаагаа явуулж буй талаар бид мэдээлэл хүргэсэн.
Улмаар Монголдоо ганцхан байх циркийн байрыг засварлах нэрээр хэв загварыг нь алдагдуулж эхэлсэн талаар ч мөн мэдээлсэн.
Уг асуудлаар бид Монголын анхны циркчдийн нэг, Төрийн шагналт, Монгол улсын ардын жүжигчин Б.Норовсамбуутай ярилцаж байна.
Төрийн шагналт, Монгол улсын ардын жүжигчин Б.Норовсамбуу:
-Монголын цирк 1960-70-аад оны үед оргилдоо хүрч байсан. Монголын цирк олон улсын тавцанд нэр хүндтэй байсан. Цирк жилдээ Шинэ жил, Хүүхдийн баяр, Инээдмийн баяр, Наадмаар гэх мэтээр дөрвөн хөтөлбөр зохион байгуулдаг байсан. Энэ маягаар хувьчлагдах хүртэл явсан.
"Аса" циркээс жүжигчид цалин авдаггүй. Бэлтгэл хийдэг учир та нарт цалин өгөхгүй гэдэг. Олон улсын тэмцээнд оролцвол 10 хувийг авдаг.
Д.Дагвадорж Циркийг аваад хоёр зүйлийг устгасанд гомдож явдаг. Нэгд, Циркийн хөгжмийн архивыг шатаасан. Бүх нотыг нь шатаасан. Хоёрт нь, циркчдийн өмсөж, эдэлж хэрэглэж байсан хувцсыг шатаасан. Уг нь энэ бүхэн түүх болж архивлагдаж үлдэх ёстой. Тэр гэдэг жүжигчний тэдэн онд, тэр номерт өмсөж байсан хувцас гэхчлэн түүхэнд үлдэх ёстой байсан. Циркийн хөгжмийн баялаг, дахин давтагдашгүй архивыг устгасан.
Ээж Пүрэвбадам нь тэр үед захирал байсан. Тэгэхэд нэг өдөр Д.Дагвадорж ирээд "Норовсамбуу эгч ээ, би таныг уран нугаралтын гоё заалтай болгоно" гэсэн. Дараа нь тэр заалаа барьсан боловч, намайг оруулаагүйд гомдож явдаг.
Одоо бидний хүсэж байгаа зүйл бол хэрэв шинээр Цирк барих гэж байгаа бол тэр төсвийг нь Д.Дагвадоржид өгөөд, улс Циркээ буцааж авмаар байна. Энэ бол Циркийн зориулалттай барьсан барилга. Циркийн барилгын стандарт гэдэг шал өөр зүйл шүү дээ. Манеж нь хүртэл өөрийн акустиктай. Үгүйдээ л хоёр манежийг нь циркчдэд буцаан өгч болдоггүй юм болов уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.