С.Наранцогт: Инфляцын зорилттойгоо уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх нь зүйтэй
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулж, инфляцын төлөв байдал, мөнгөний бодлогын чиглэл болон гадаадын банк оруулж ирэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар тайлбар өглөө.
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:
-Инфляц нь хэрэглээний сагсан дахь 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтөөр тооцогддог бөгөөд өнгөрсөн сард 12.5–13 хувьд хүрсэн. Өнөөдрийн 12.5 хувийн инфляцын 6.1 хувийг буюу тал хувийг нь ердөө гуравхан нэр төрлийн бүтээгдэхүүн болон төрийн зохицуулалттай үнэ бүрдүүлж байна. Үүнд мах, бензин шатахуун, хүнсний ногоо болон цэвэр ус, цахилгааны тарифын өсөлт багтаж байгаа юм. Шатахууны үнийн өсөлт нь цэвэр гадаад хүчин зүйл буюу Ойрх Дорнодын нөхцөл байдал, геополитикийн дайнтай холбоотой гэдгийг нийтээрээ мэдэж байгаа. Харин мах, хүнсний ногооны үнэ нь манай дотоод нийлүүлэлтийн асуудлаас шалтгаалж байна. Энэ бол нийлүүлэлтийн гаралтай инфляц юм.
Суурь инфляцын хувьд Монголбанкны зорилтот түвшинд байгаа хэдий ч цаашид өсөх хандлага ажиглагдаж байна. Ялангуяа шатахуун болон төрийн зохицуулалттай үнийн өсөлт нь хоёрдогч дам нөлөөгөөр бусад бараа бүтээгдэхүүнд халдаж, инфляцыг өргөжүүлэх эрсдэл бий болж байгаа тул Төв банк мөнгөний бодлогоо чангаруулж байна.
Төв банк өнгөрсөн нэгдүгээр сараас макро зохистой бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн нь бодит үр дүнгээ өгч байгаа. Тухайлбал, импортыг хөөрөгдөж, инфляцыг өдөөдөг хэрэглээний зээлийг хязгаарлаж, бизнесийн зээлийг түлхүү дэмжих бодлого баримталсан.
Үүний үр дүнд өмнө нь 30–50 хувиар хөөсөрдөг байсан хэрэглээний зээлийн өсөлт наймаас дөрвөн хувь болж буурсан бол бизнесийн зээл 18 хувийн бодит өсөлттэй гарчээ. Энэ нь эдийн засаг дахь үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг боомилохгүйгээр хэрэглээний дарамтыг багасгаж буй алхам юм.
Мөн гадаад цэвэр актив, экспортын орлого болон алт тушаалт өндөр байгаагаас үүдэн зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт тэлж байна. Монголбанк зах зээл дээрх энэхүү илүүдэл хөрвөх чадварыг татахын тулд Төв банкны үнэт цаасны (ТБҮЦ) үлдэгдлийг түүхэн дээд хэмжээ буюу 14 их наяд төгрөгт хүргэж, илүүдэл нөөцийг хязгаарлан ажиллаж байгаа.
Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг, хэрэглээний "халуун мөнгө"-ийг үүсгэдэг гол суваг нь улсын төсөв. Төсвөөс хийгдэж буй цалин, тэтгэврийн нэмэгдэл нь шууд зах зээл дээр хэрэглээ болж ордог учир инфляцыг өдөөх өндөр магадлалтай байдаг.
Цалин, тэтгэврийг нэмэх нь зүйн хэрэг. Гэхдээ инфляцын зорилттойгоо уялдуулж, хэмжээ болон үе шатны хувьд маш сайн тооцоо судалгаатай нэмэх саналыг Монголбанкнаас хүргүүлсэн. Урьдчилсан төсөөллөөр төсвийн энэхүү тэлэлт нь инфляцыг энэ ондоо 0.7–1.0 орчим хувиар, ирэх онд нэг гаруй хувиар нэмэгдүүлэх магадлалтай байна.
Иргэдийн гар дээр очиж буй цалин, тэтгэврийн нэмэгдлийг инфляцад идүүлэхгүйн тулд Төв банк арга буюу мөнгөний бодлогоо чангаруулахаас өөр аргагүй болдог. Гэтэл бодлого чангарах нь эргээд бизнесийн санхүүжилтийн эх үүсвэрийг хумиж, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг хоёр талтай. Тиймээс төр засгийн бодлого хоорондоо нарийн уялдаж байх ёстой.
Засгийн газраас мах, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, он дуустал стратегийн нөөц бүрдүүлэх замаар үнийн хөөрөгдлийг хязгаарлах бодлого барьж байгааг Төв банк дэмжиж байгаа. Нийлүүлэлтийн хомстолоос үүдэлтэй инфляцыг зөвхөн нийлүүлэлтийг нь сайжруулж байж л тогтоон барих боломжтой.
Энэ хүрээнд Монголбанк арилжааны банкуудтайгаа хамтран нөөц бүрдүүлэлтийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд цаашид олон улсын жишигт нийцсэн нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог дунд хугацаанд бий болгохоор санаачлан ажиллаж байгаа.
Засгийн газраас гадаадын банкийг дотоодын зах зээлд оруулж ирэх чиглэлээр хийж буй алхмуудыг Монголбанк бүрэн дэмжиж буй байр суурьтай байна. Бид гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэр дундаа гадаадын нэр хүндтэй банк орж ирснээр манай улсад эрүүл, урт хугацаатай, хямд өртөгтэй санхүүжилтийн эх үүсвэр бүрдэж, дэвшилтэт техник технологи, инновац нэвтрэх өндөр ач холбогдолтой.
Одоогоор БНСУ-ын 'Какао банк' (KakaoBank)-ны хөрөнгө оруулалтын асуудал нэлээд ахицтай явж байгаагаас гадна сонирхлоо илэрхийлж буй өөр банкууд ч бий. УИХ-ын энэ удаагийн намрын чуулганаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ. Саяхан батлагдсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуультай уялдан эдгээр эрх зүйн шинэчлэлүүд нь гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж өгнө гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.