🔴Уул уурхайн компаниуд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 291 сая мод тарих үүрэгтэй
"Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд уул уурхайн салбарын гүйцэтгэл ямар түвшинд байгаа, ирэх жилүүдэд ямар чиглэлээр ажиллах талаарх мэдээллийг Чингис хаан баялгийн сангийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай танилцууллаа. "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн компаниуд нийт 650 сая мод тарихаар амлалт өгсөн. Үүнээс “Чингис хаан баялгийн сан” нэгдэлд хамаарах компаниуд 291 сая мод тарих үүрэг хүлээжээ.
Чингис хаан баялгийн сангийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай:
-Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 онд НҮБ-ын индэр дээрээс "Тэрбум мод" хөдөлгөөнийг санаачилсан бөгөөд үүний гол шалтгаан нь манай улсын нийт газар нутгийн 77 хувь нь ямар нэг байдлаар цөлжилтөд өртөж, үүний 50 орчим хувь нь хүнд хэлбэрт шилжсэнтэй шууд холбоотой.
Монгол Улсын энэ санаачилгын дараа олон улсад ижил төрлийн хөдөлгөөнүүд өрнөсөн. Тухайлбал, Канад улс хоёр тэрбум мод, Саудын Араб улс 30 тэрбум мод тарихаа зарлаж, Казахстан улс ч мөн адил төстэй санаачилга гаргасан. Энэ нь нэг талаас Монгол Улсад нэн хэрэгцээтэй ажил боловч нөгөө талаас олон улсыг нэгтгэж, манай улс руу хөрөнгө оруулалт татах давхар ач холбогдолтой.
Одоогийн байдлаар нэгдлийн хэмжээнд 1.3 сая гаруй мод тарьж ургуулсан бөгөөд “Оюу Толгой” ХХК-ийн дүйцүүлэн хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажлыг хамруулбал 30 саяд хүрч байна. Хэрэгжилт одоогоор хангалтгүй байгаа ч үлдсэн 4-5 жилд ажлаа эрчимжүүлж, мод тарихаас гадна хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлт, орон нутгийн хөрөнгө оруулалтыг сайжруулах чиглэлд түлхүү ажиллана.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ойн генетикийн нөөцийн төв байгуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК агро-ойн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд цаашид хувийн хэвшил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Зөвхөн мод тарих биш, хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах нь "Тэрбум мод" хөдөлгөөний оюун санааны хамгийн том үр дүн юм. Гэхдээ байгаль орчны ажлыг зөвхөн механикаар шахаж шаардах нь бодит амьдрал дээр үр дүн муутай байдаг. Хүнд эдийн засгийн үр ашиг, хөшүүргийг нь шийдэж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, жимсний мод тарьж, түүнийгээ борлуулах замаар ашиг олох эсвэл агро-ойн аж ахуй эрхлэх нь иргэдэд илүү өгөөжтэй байдаг гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.