Улсын комиссынхны увайгүй үйлдлүүд хэзээ төгсгөл болох вэ

Улсын комиссынхны увайгүй үйлдлүүд хэзээ төгсгөл болох вэ

Барилга, байгууламж хүлээн авч, ашиглалтад оруулах зөвшөөрөл олгодог Улсын комиссынхон хээл хахуулиар гарын үсгээ үнэлж буй талаар удаа дараа хөндсөөр ирсэн.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 25-нд “Улсын комиссынхны гарыг хүндрүүлж, халаасыг нь түнтийлгэхгүй бол барилгыг ашиглалтад хүлээн авахгүй” нийтлэлээрээ хээл хахуулийн хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн болон өдгөө мөрдөн шалгуулж байгаа хүмүүсийн талаар хүргэсэн билээ. Гэвч барилга, байгууламж хүлээн авах Улсын комисст багтаж, албан тушаал, эрх мэдлээ ашиглан хээл хахууль авдаг нөхдийн үйлдэл үргэлжилсээр байна. 

Шүүх өнгөрсөн долоо хоногт л гэхэд ийм албан тушаал хашиж байсан залууд ял шийтгэлээ.

Нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн цахилгаан хангамжийн мэргэжилтэн М.Чингүн нь найз Т.Бат-Оргилтой бүлэглэн бусдаас нэг сая төгрөгийн хахууль нэхэж авсан хэрэгт холбогдсон. Барилгын засвар үйлчилгээ, бөөний худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Согриглүн” ХХК-ийн ерөнхий инженер Г.Идэрхүү ажлаа хурдан шуурхай гүйцэтгэхийн тулд уг мөнгийг өгсөн аж. Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт тоосгоны үйлдвэрлэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кенже” ХХК-ийн захиалгаap барьсан эрчим хүчний барилга, байгууламжийг Улсын комиссын байнгын ашиглалтад оруулах дүгнэлтийг гаргахын тулд ийн хээл хахууль өгч, авалцсан юм.

Улмаар 2024 оны арваннэгдүгээр сарын 25-нд 349/2024 дугаартай дүгнэлтийг хурдан шуурхай гаргаж өгсөн хэрэгт холбогджээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг хоёр дахь удаагаа хэлэлцээд М.Чингүн, Т.Бат-Оргил нарыг бусдаас хээл хахууль шаардаж авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь тус бүр гурван жил хасан, хоёр жил хорих ял шийтгэв. Харин тэдэнд хахууль өгсөн “Согриглүн” ХХК-ийн ерөнхий инженер Г.Идэрхүүгийн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, найман сая төгрөгөөр торгох ял оноолоо.

Барилгын хөгжлийн төвийнхний хуудуутай үйлдэл

Барилга, байгууламж хүлээж авах Улсын комиссын бүрэлдэхүүнд нийслэлийн Хяналт, шалгалтын газар, “Улаанбаатар” цахилгаан түгээх, дулааны сүлжээ, Мэдээлэл, холбооны сүлжээ, Ус сувгийн удирдах газар, Онцгой байдлын ерөнхий газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөл, Үндэсний төв архив, Барилгын хөгжлийн төв, гүйцэтгэгч, захиалагч байгууллагын төлөөлөл гээд 15-16 хүн багтдаг. Тэднээс нэг нь гарын үсэг зурахгүй гэдийчихвэл Улсын комиссын дүгнэлт гарахгүй, ашиглалтад хүлээн авахгүй, улсын бүртгэлээс гэрчилгээ олгохгүй гэсэн үг.

Тэгвэл Улсын комиссын бүрэлдэхүүнд багтдаг байгууллагын төлөөлөл хээл хахууль авсан хэрэгтээ шүүхээр ял шийтгүүлсэн нь ч бий. Тухайлбал, онцгой байдлын байгууллагын төлөөлөл болсон хурандаа барилга, байгууламжийн зөвшөөрөл олгох гарын үсгээ үнэлж хээл хахууль авсныг шүүх тогтоон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байв. Улсын комиссын бүрэлдэхүүнд багтдаг Барилгын хөгжлийн төв хэмээх байгууллагад ч хээл хахуулийн хэрэгт ял шийтгүүлж, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан хүн ажилладаг. Тодруулбал, нийтийн албанд томилогдох эрхийг нь шүүх таван жил таван сарын хугацаагаар хасаж, 25 сая төгрөгөөр торгох ял эдэлж буй хүн Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн хяналтын инженер гэх албан тушаалыг хашиж татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суугаа. Ийм боломжийг тус төвийн хуучин удирдлага олгосон гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр энэ байгууллага авлигын эрсдэл өндөр байх магадлалтай. Тиймдээ ч элдэв шантааж хийж орон сууцын барилгыг хүлээн авах ажилд саад учруулан гарын үсэг зурахгүй гэдийсээр захиргааны шүүхэд дуудагдахдаа тулсан биз. Үүнийг дэлгэрүүлэн хүргэе.

Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт их өрнөж, орон сууцын олон хороолол сүндэрлэж буй дүүрэг бол Хан-Уул. Тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, “Буянт-Ухаа” спортын ордны дэргэд зоорьтой, үйлчилгээтэй, 16 давхар 128 айлын орон сууцыг ЦЭЭБ ХХК барихаар холбогдох бүх зөвшөөрлөө 2022 онд авч ажлаа эхэлжээ. Иргэн С.Цэнд-Аюушийн захиалгаар барьсан уг барилгыг ЦЭЭБ компанийнхан 2024 оны сүүлчээр дуусгаж, 2025 оны нэгдүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллуулсан байна. Тухайн сарын 31-нд Улсын комиссынхон хуралдаж, үүрэг, даалгаврын биелэлтийг хангуулж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн аж. ЦЭЭБ ХХК-ийнхан Улсын комиссоос өгсөн үүрэг, даалгаврыг хуулийн хугацаанд буюу 14 хоногийн дотор биелүүлж, хариуцсан хүмүүст нь хянуулж, гарын үсэг зуруулж, баталгаажуулсан байна. Уг барилгын гүйцэтгэгч ЦЭЭБ ХХК-ийн хувьд 2007 оноос хойш барилга угсралтын үйл ажиллагаа явуулж, төрийн олон албан хаагчийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгох ажилд оролцсон аж.

Тодруулбал, 3144 айлын орон сууц барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн түүхтэй юм байна. Өөрөөр хэлбэл, барилга, орон сууц барих туршлага арвинтай ЦЭЭБ компанийн дээрх орон сууцыг Улсын комиссын ганцхан гишүүний “шантааж”-аар ч юм уу, эсвэл хээл хахууль нэхсэнээс болсон уу, хүлээж авалгүй бүтэн жил шахам саад учруулсан гэнэ. Ганцхан гишүүн гэдэг нь Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батнямын гарын үсэгтэй албан бичигт тамгаа дарж баталгаажуулаагүйгээс орон сууцыг ашиглалтад оруулж чадахгүй удааширч, багагүй хэмжээний алдагдал хүлээжээ. 

ЦЭЭБ ХХК-ийнхан Улсын комиссынхны нэгдүгээр сарын 31-ний хурлаар өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлж, 2025 оны хоёрдугаар сарын 18-нд дээрх Барилгын хөгжлийн төвийн албан тушаалтанд хандан баталгаажуулж, гарын үсэг зуруулсан аж. Гэвч заавал байгууллагын тамга даруулах ёстой хэмээн баримт бичгийг нь авч үлдээд элдэв шалтаг хэлэн хойшлуулсаар ирж. Улмаар 2025 оны наймдугаар сарын 28-нд буюу зургаан сар 10 хоногийн дараа ямар ч тамга, тэмдэг даралгүй ЦЭЭБ ХХК-ийнхан болон захиалагчдад комиссын үүрэг, даалгаврын биелэлтийн хуудсыг өгчээ. Учир шалтгааныг нь тодруулахад тухайн үеийн Барилгын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Т.Пүрэвхатан хууль бус, албан үүрэгтээ огт хамаарахгүй даалгавар, шаардлага тавьж байснаас болсон гэнэ. Энэ талаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ЦЭЭБ ХХК-ийнхан “Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга Д.Батням нь комиссын үүрэг, даалгаврын биелэлттэй танилцан дүгнэж, гарын үсэг зурж баталгаажуулсан боловч тус байгууллагын захирал Т.Пүрэвхатан нь албан тушаалын бүрэн эрхээ бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж, эрх үүргээ хэтрүүлэн комиссын гишүүн Д.Батнямаас үүрэг, даалгаврын биелэлтийн хуудсыг хүчээр шаардан авч, хууль зүйн үндэслэлгүй нэмэлт даалгаврын биелэлтийг шаардсан. Д.Батнямтай уулзахад Барилгын хөгжлийн төвийн захирал Т.Пүрэвхатан тус үүрэг, даалгаврын биелэлтийн хуудсыг авсан, зоорины давхарт зурагт тусгаагүй цонх гаргасантай холбогдуулан барилгын зураг, төсөлд дахин магадлал хийлгэх нэмэлт үүрэг, даалгаврыг хангуулахаар шаардаж буй тухай амаар мэдэгдсэн” гэжээ. 

Т.Пүрэвхатан гар бичмэл өгч, нэмж бичүүлсэн гэв 

Барилгын тухай хуулийн 25.5-д “Барилгын ажлын явцад барилга, байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг, төсөлд дахин магадлал хийлгэнэ” гэж заасан байдаг.

Барилгын хөгжлийн төвийнхөн хуулийн энэ заалтыг ашиглан Улсын комиссын дүгнэлтэд тамга дарах ажлаа тайлбарлаад байж. Уг нь барилгын зураг, төслийг боловсруулж, зохиогчийн хяналт гүйцэтгэсэн “Гоби травэл” ХХК-ийнхан Д.Батнямд нь олон хуудас бүхий тайлбар хүргүүлсэн аж. Үүндээ “зэрэгцээ олгосон барилгын компанийнхантай маргаан үүссэнээс зоорины хаалга, довжоог нөгөө талд нь гарган зургийг нь холбогдох байгууллагаар батлуулсан, авто зогсоолд цонх төлөвлөж ч болно, үгүй ч байж болох Барилгын норм ба дүрмийн 21-05-10 заалтыг үндэслэсэн” гэх зэргээр хууль, дүрэм, журамд нийцүүлэн зохих өөрчлөлт хийсэн талаараа тайлбарласан байна. Үүнийх нь хариуд Барилгын хөгжлийн төвөөс “Зураг төслийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт ороогүй тул дахин магадлал хийх шаардлагагүй болно” гэсэн албан бичгийг “Гоби травэл” ХХК-д өгөхөөр бэлтгэсэн ч мөнөөх тухайн үеийн захирал Т.Пүрэвхатан нь гарын үсэг зурж баталгаажуулалгүй, тамга, тэмдгээ ч дараагүй байна. Түүгээр ч зогсохгүй айлууд нь ороход бэлэн болчихсон орон сууцуудад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд олгохыг түдгэлзүүлэх тухай албан бичиг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн гэнэ. Тиймээс ЦЭЭБ ХХК-ийнхан УИХ, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, АТГ, эцэстээ Ерөнхий сайд, Улсын ерөнхий прокурор зэрэг байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл гаргасан гэнэ. Уг өргөдөлдөө “Улсын комиссын дүгнэлтэд Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга гарын үсэг зурж баталгаажуулсан боловч тус байгууллагын дарга нь тамга дараагүйн улмаас компанийн үйл ажиллагаа доголдож, банкны зээлийн үлдэгдэл, улсад төлөх татварын олон зуун сая төгрөг, ажилчдын цалин хөлсийг хугацаанд нь өгч чадахгүй нөхцөл байдалд ороод байна” гэдгээ тодотгожээ.

Эдгээр өргөдөл, гомдлыг АТГ-т шилжүүлэн шалгуулсан бөгөөд тэр үед Барилгын хөгжлийн төвийн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батнямаас мэдүүлэг авсан гэнэ. Тэрбээр “2025 оны дөрөвдүгээр сард захирал намайг дуудаад “ЦЭЭБ компанийн материалыг шалгаж дууслаа. Үүрэг, даалгаврын биелэлтийн хуудсанд үүнийг нэмээд бичээрэй” гээд гар бичмэл өгсөн. Тэгэхээр нь би нэмж бичих боломжгүй. Тухайн үедээ үүрэг, даалгавар бичсэн гэж захирал Т.Пүрэвхатанд хэлсэн.

e0ceb032a04c48df9efdb65515e7b14d

Тэрбээр “Бид нэг баг болж ажиллаж байгаа учраас чи удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх ёстой” гэсэн. Хэд хэдэн удаа надад үүрэг, даалгавар бич. Барилга, байгууламж ашиглалтад оруулах комиссын үүрэг, даалгаврын биелэлтийн хуудсыг Улсын комисс руу явуулахгүй шүү гэж Т.Пүрэвхатан дарга даалгавар өгч байсан” гэжээ. Үүнийг ЦЭЭБ ХХК-ийн зүгээс Барилгын хөгжлийн төвийн дарга Т.Пүрэвхатан зориудаар хууль бус үүрэг өгч байсан гэж үзэж буй юм билээ. Барилга, байгууламж хүлээн авах Улсын комиссын ажиллах дүрэм, журамд зааснаар үүрэг, даалгаврын биелэлтийн хуудсыг зөвхөн комиссын гишүүн л баталгаажуулах эрхтэй. Тэгэхээр дээрх хэлтсийн дарга Д.Батням л баталгаажуулах эрхтэй болохоос Барилгын хөгжлийн төвийн тухайн үеийн дарга Т.Пүрэвхатан өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Улсын комиссын гишүүнд дарамт шахалт үзүүлж байсан хэмээн ЦЭЭБ ХХК-ийнхан гомдолдоо тодотгосон байна. 

Хууль, журам дүрэмд зааснаар бол Барилгын хөгжлийн төвийн дарга Улсын комиссын дүгнэлтэд тамга дарах ёсгүй гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч Т.Пүрэвхатан элдэв шалтаг хэлж саад учруулж байгаад эцэстээ Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батнямын гарын үсэг зурж баталгаажуулсан үүрэг, даалгаврын биелэлтийн хуудсыг тэр чигээр нь тамга даралгүй өгсөн гэдэг.

Эрүүгийн хуулийн 22.1-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг прокурор хэрхэв 

Барилгын хөгжлийн төвийн захирал Т.Пүрэвхатаны хууль бус үүрэг, даалгавраас шалтгаалан 128 айлын орон сууцыг ашиглалтад оруулж чадахгүй байна гэдгээ илэрхийлсэн гомдлоо ЦЭЭБ ХХК-ийнхан дээр дурдсан байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн. Үүнийг нь холбогдох байгууллагууд хянаад дор дор нь хариу өгч, заримыг нь хуулийн байгууллага руу шилжүүлсэн юм билээ.

Тухайлбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Барилгыг ашиглалтад оруулах комиссын гишүүн үүрэг, даалгавартай танилцан дүгнэж, гарын үсэг зурж баталгаажуулсан боловч байгууллагынх нь дарга 190 хоногийн хугацаанд тамга дараагүйгээс үүдэн олон талын хүндрэл, үр дагавар үүссэн талаар дурдаад, хүнд суртал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож өгөхийг хүсжээ. Уг хуулийн этгээдийн гомдолд дурдсан эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаатай холбоотой асуудлыг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүллээ” хэмээн АТГ-т хүргүүлжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн II албаны мөрдөгч, комиссар Б.Алтанцэцэг ЦЭЭБ ХХК-ийнхны гаргасан гомдлын дагуу шалгаад “Биелэлтийн хуудсыг баталгаажуулж тамга дараагүй эс үйлдэхүйн улмаас эдийн болон эдийн бус давуу байдал бий болоогүй тул Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна. Нийтийн албан тушаалтан Т.Пүрэвхатан нь дахин магадлал хийх шалтгаанаар тамга дараагүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй. Иймд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах нь зүйтэй гэж дүгнэлээ” хэмээжээ. Ингээд Нийслэлийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газрынхан ч энэ шийдвэрийг хууль ёсных гэж үзэн гомдлыг хаасан аж. Ингэхдээ хохирол учирсан бол иргэний журмаар шүүхэд хандах эрх нь нээлттэй гэдгийг дурджээ.

Барилгын хөгжлийн төвийн захирал Т.Пүрэвхатан 2025 оны арваннэгдүгээр сарын 14-нд 01/3231 дугаартай, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг түдгэлзүүлэх хүсэлт Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд үүнийг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд хянаж үзсэн аж. Ингэхдээ Т.Пүрэвхатанаас ирүүлсэн хүсэлт нь хуульд нийцээгүйг тодотгожээ.

Тодруулбал, Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн хүсэлт нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 30.1.4-ийн “Шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бол тусгай тэмдэглэл хийнэ” гэх заалтад хамаарахгүй байна. Тиймээс орон сууц захиалагчдын өмчлөх эрхийг үргэлжлүүлэн бүртгэх тухай чиглэлийг 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн гэдгийг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгджээ. Ийнхүү өргөдлийг нь хүлээн авсан холбогдох байгууллагууд АТГ, прокурор луу шилжүүлж, эцэстээ гэмт хэрэг биш гэж үзсэн учраас Улсын комиссын дүгнэлтэд тамга дарахгүй “гүрийсэн” Барилгын хөгжлийн төвийн захирал асан Т.Пүрэвхатаны үйлдлийг хууль бус гэдгийг нь тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. Шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гэж хэдэнтээ буцаасан аж.

Юутай ч ЦЭЭБ ХХК-ийнхны 2026 оны хоёрдугаар сарын 2-нд гаргасан гомдлыг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийнхэн нэлээд хэдэн сарын дараа буюу тавдугаар сарын 22-нд хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхлээд буй. Энэ мэтээр барилга, байгууламж хүлээн авах Улсын комисст багтдаг байгууллагынхны увайгүй үйлдлүүд ар араасаа цуварсаар. Хэзээ төгсгөл болохыг таашгүй. Монголд шударга ёс тогтох цаг хугацаатай хамтдаа ирэх биз ээ.

"Өнөөдөр" сонин 

2026 оны долоодугаар сарын 7-ны дугаар

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.