?О.Алтангэрэл: Ухаа худаг ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүйгээр Засгийн газар, Энержи Ресурс ХХК-ийн хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгах гэсэн утгатай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэхүү тогтоолын төсөлд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах "Ухаа худаг" ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Ерөнхий сайдад үүрэг болгосон тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү тогтоолыг гаргах болсон хууль зүйн үндэслэл нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлүүлэх болон Засгийн газраар танилцуулах ёстой процесс зөрчигдсөн учраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон энэхүү ордыг хувийн хэвшлийн ААН-д эзэмшүүлсэн үйл ажиллагааг хуульд нийцүүлэх нь зүйтэй. Үүнийг шийдвэрлэх эрх нь УИХ-д байгаа учир гэж үзлээ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.