СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-02-27

Эмэгтэй лам нарын хийд сэтгэл ариусгах “шидтэй”

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Монголчууд охин хүүхдээ лам болгох нь ховор. Эмэгтэй лам гэхээр хүмүүс төдийлөн мэддэггүй. Тэгвэл энэ удаад “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа эмэгтэй лам нарын хийд болох Бурханы шашинт монгол эмэгтэйчүүдийн Төгсбаясгалант хийдээс бэлтгэсэн сурвалжилгаа хүргэж байна.

Ногоон Дарь Эхийг шүтсэнээр хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болдог

Хийдийн үүдээр ороход сүсэгтэн олны шүтээн болсон Ногоон Дарь Эхийн сувраг хамаг амьтныг нигүүлсэнгүй орших аж. Ногоон Дарь Эх  энэхүү хийдийн гол шүтээн ажээ. Хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж, хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” хэмээн магтсан байдаг.

Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд бид үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусалдаг. Ногоон Дарь Эх бурхны лагшин нь ногоон өнгөтэй, хоёр мутартай, зүүн хөлөө хумьж баруун хөлөө унжуулсан, тэргүүн нь зүүн тал руу ялимгүй хазайсан байдалтай залардаг. Тэргүүн ялимгүй хазайсан нь амьтдын зовлонг сонсож буй, баруун хөлөө унжуулсан нь амьтдын зовлонг сонсоод дээш авах завгүй заларч буйг илэрхийлдэг” хэмээн тус хийдийн зохион байгуулагч тайлбарлаж байлаа.

Хандмаа нар хийдийн үйл хэргийг 30 гаруй жил үргэлжлүүлж байна

Сүсэгтэн олонд ном аялгуулан унших торгон дээлд цагаан нөмрөгтэй эмэгтэйчүүд бол Төгсбаясгалант хийдийн үйл хэргийг 30 гаруй жил үргэлжлүүлж буй хандмаа нар юм. Өмнө нь эрэгтэй хүний хоолойгоор л бурхны ном сонсож байсан бол эмэгтэй хүний хоолойны цар хүрээ, амнаас гарах эгшиг нь уянгалаг хийгээд сонссон хэний ч сэтгэлд амар амгаланг урих адил байлаа. 

Энэхүү хийд нь нийт 25 хандмаа бөгөөд тэдгээрийн дөрвөн ани юм. Ани нар нь “гэцэл” сахил хүртсэн. Гэцэл сахил гэдэг нь гэрээс гарсан, 36 зүйлийн сахил санваарыг сахидаг ажээ.

Хүмүүс өдөр нь хийдэд шавилж суугаад номоо уншчихаад, буцаад гэртээ очдог шүү дээ. Харин ани нарын хувьд гэртээ харихгүй, хийддээ байрлан номоо үздэг аж. Хандмаа гэдэг нь монголчуудын нийтлэг мэдэх эрэгтэй лам нартай адил үйл хэрэгтэй эмэгтэй лам юм.

Бурханы шашинт Монгол эмэгтэйчүүдийн Төгсбаясгалант төв нь 1990 онд байгуулагдсан байна.

2001 онд хувилгаан Гүридава Ренбүүчигийн тусламжтайгаар сүмийн барилга бариулжээ. Сүмийн барилга нь хааш хаашаа 20 метр талбайтай, долоон өрөө тасалгаатай. Тус хийдийн үйл ажиллагаа өдөр бүр тасралтгүй явагддаг аж.

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Шашны их сургуулийн нэг ангийг тус төв дээр нээн ажиллуулж ани нарыг бэлтгэжээ. Энэхүү ани нарыг шашны өндөр боловсролтой болгоход Англи дахь Түвдийн вант улсаас тусалж, санхүүжүүлсэн байна.

Одоо тус хийд нь өдөр бүр сэтгэл ариусгах буяны хурал, бүх дүйцэн өдрүүдэд өргөн хэмжээний хурал номын үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхэд багачууд, ахмад буурлуудад энэрлийн сэтгэлээ зориулж буяны гараа сунгаж, сүсэгтэн олныхоо хүндэтгэл бишрэлийг хүлээсэн ариун номын орон болоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.АЛТАНГЭРЭЛ

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 38 (7282)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.