Суудлын хоёр машин мөргөлдөж, хоёр иргэн нас барж, дөрвөн хүн гэмтжээ
Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн Сант-Овоо гэдэг газар суудлын хоёр автомашин мөргөлдөж автомашины эд ангид дөрвөн хүн хавчуулагдан гэмтэж, хоёр хүн нас барсан тухай дуудлагыг 12 дугаар сарын 03-ны өдрийн 17:04 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Харриер” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн Ш-ийн “Аксио” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Харриер” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Д /65 настай, эмэгтэй/, Ц /40 настай, эмэгтэй/, Б/34 настай, эрэгтэй/, С /31 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашин очин эмнэлэгт хүргэжээ.
Улмаар “Аксио” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Ш /58 настай, эмэгтэй/, иргэн Г /54 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Гэмтсэн иргэдийг ГССҮТ-ийн түргэн тусламжийн хоёр, нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн зориулалтын нэг автомашинаар тээвэрлэн ГССҮТ-д авч ирсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.