?LIVE: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Хоёр хоногийн өмнө гэрч байсан бол өнөөдөр яллагдагч болчихлоо

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг "8 ишигний хэрэг"-ийг сурвалжлах явцдаа шүүхийн байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс прокурорын байгууллагад гомдол гаргажээ. Хоёр хоногийн өмнө түүнийг гэрчээр дуудсан бол өнөөдөр яллагдагчаар татах тогтоол хүргүүлэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын байгууллагын ажилтан Зариг.мн сайтын редакцад ирсэн байна. Энэ асуудлаар Зариг.мн сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс тодрууллаа.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

-Манай ажил дээр өглөөнөөс хойш нэг хүн ирээд "Н.Өнөрцэцэгт бичиг өгөх гэсэн юм. Өөрт нь өгөх ёстой” гээд. Тэгсэн чинь манай өмгөөлөгч рүү залгаад “Н.Өнөрцэцэгт прокурорын мэдэгдэх хуудас хүргүүлэх гэсэн юм” гэж ярьсан байдаг. Уг нь бид хоёр чинь хоёр хоногийн өмнө прокурорын мэдэгдэх хуудсаа авчихсан байхгүй юу.

Хэнтий аймгийн шүүхэд найман ишиг хулгайлсан хэргийг шүүх хурлыг би сурвалжилсан. Нэгдүгээрт, шүүх хурлыг сурвалжлахдаа, гадна индэр байршуулаад иргэдийг нээлтэй санал бодлоо илэрхийлэх боломжоор хангасан. Үүнийг шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Мөн

Шүүгчийн зүгээс 80 настай эмээ болон Төмөр гуай, Гэрэлзаяа нартай муухай харьцаж байсан. Би тэр үед нь настай хүмүүстэй яасан муухай харьцдаг юм бэ гэж шүүгчид хандаж хэлсэн. “Наян настай эмээг цус харватал нь шүүж байна” гэж би цахим хуудаснаа бичсэн. Дайриймаа гуай шүүх хурлын үеэр бие нь муудсан. Ингэж бичсэнийг мөн буруутгасан.

Найман ишигний хэргээр хоригдож байсан хүмүүс шүүхийн шийдвэрээр суллагдахаар болсон шүү дээ. Тэр бол миний хувьд ялалт байсан. Тиймээс “Найман ишигний хэрэг дээр яллаа” гэж бичсэн. Энэ нь шүүхэд нөлөөлж, нэр төрд нь халдсан болж байгаа юм байна. Гэтэл би зүгээр л сэтгүүлчийн ажлаа хийсэн шүү дээ.

Намайг анх гэрч гэж байснаа сэжигтэн болгосон. Би цагдаагийн байгууллагын ажлыг ямар мэдэх биш. Тийм л юм байх гэж бодсон. Гэтэл хоёр хоногийн дараа намайг яллагдагчаар татахаар болсноо мэдэгдэж байна. Гэрч байснаа шууд яллагдагч болж болдог юм уу. Уг нь бол анх сэжигтнээр мэдүүлэг байцаалт аваад, гэм буруутай нь баримтаар нотлогдвол яллагдагч болох ёстой биз дээ. Гэтэл надаас гэрч, сэжигтнээр ямар ч тайлбар мэдүүлэг аваагүй мөртлөө шууд яллагдагч болгож байгаа нь үнэхээр гайхаж байна. Иймээс хууль бус үйлдэлтэй тэмцэх ёстой.

. Өнөөдөр надад маш олон иргэн гомдол гаргаж байна. Би ганцаараа тэмцээд байвал хохироод дуусах юм байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид та бүхэн минь ирж, энэ хууль бус үйлдэл, иргэдийн хохирсон асуудлыг олон нийтэд гаргаж тавь. Иргэдийг талбай дээр ир гэж уриалмаар байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.