?LIVE: Москва хотын Улаан талбайд болж буй Ялалтын баярын цэргийн парадыг шууд дамжуулан хүргэж байна

ОХУ дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан түүхэн үйл явдлын 77 жилийн ойн баярын жагсаал өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Москва хотын Улаан талбайд өрнөж байна.

Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ойн баярын цэргийн парад Москвагийн цагаар өглөөний 10:00 цагт эхэлж байгаа бөгөөд цэрэг армийн 11,000 бие бүрэлдэхүүн, 131 цэргийн хэрэгсэл, зэвсэгт техник ба нисэх хүчний 77 онгоц, нисдэг тэргийг дайчлах юм. Харин 2021 оны парадад 12,000 цэрэг, 191 техник хэрэгсэл, нисэх хүчний 53 онгоц болон 23 нисдэг тэрэг оролцож байна.

Москва хотын Улаан талбайд болж буй цэргийн парадын цар хүрээ өнгөрсөн жилтэй харьцуулахад хумигдсан нь Украины дайнтай шууд холбоотой. ОХУ-ын зэвсэгт хүчний ихэнх нөөц Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд ид ашиглагдаж байгаа бөгөөд Оросын цэргийн хүчин их хэмжээний хохирол амсаад байгаа юм.

Жишээ нь, жил бүрийн парадад тэргүүн эгнээнд жагсдаг Росгвардийн бие бүрэлдэхүүний ихэнх хэсэг Украинд тулалдаж буй. Мөн явган цэрэг тээвэрлэгч “Курганец-25” хуягт тэрэгний тоо өмнөх жилтэй харьцуулахад 50 хувиар буурсан бол өмнөх жилээсээ цөөн тооны танк энэ жилийн парадад оролцоно. 2021 оны парадад байлдааны 23 нисдэг тэрэг оролцсон бол энэ жил 15 оролцохоор болжээ.

Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийн арга хэмжээ нь Оросын зэр зэвсгийн хүчин чадлыг дотооддоо төдийгүй дэлхий дахинд харуулах зорилготой байдаг. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр олон нийтийн сэтгэл санааг өргөх, Украинд явуулж буй цэргийн ажиллагаандаа дэмжлэг авах ямар нэг алхам хийнэ гэсэн хүлээлт дэлхий нийтэд хүчтэй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.