? LIVE: Нэр дэвшигч С.Эрдэнэ гүйцэтгэлийн 70 сая төгрөгийг өгөхгүй долоон жил болж байна гэв

Нэр дэвшигч С.Эрдэнийн хамаарал бүхий гэх "Молор констранкшн" компани, “Их Тамир” амралтын газарт усан бассейн хийсэн "JMN" ХХК  төлбөрийн үлдэгдэл 70 сая төгрөгөө авч чадалгүй долоон жил болж байгаа талаар тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Нямдалай мэдээллээ. Мөнгөө авч чадаагүй компани өрөндөө баригдаж, дансаа хаалгаж, дампуурахдаа тулаад байна гэв. 

"JMN" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Нямдалай: 

-Манай компани "Найрамдал" зуслан дахь "Их Тамир" амралтын газарт усан бассейний ажлыг 2014 онд гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн. Гэтэл үлдэгдэл 70 сая төгрөгөө одоо болтол өгөхгүй байна. Би долоон жил энэ хүмүүсийг гуйж байна. Аргаа бараад өнөөдөр энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. Манайх 14 ажилтантай. Өнөөдөр би цалингаа тавьж чадахгүй, дансаа хаалгаж, дампуурахдаа тулаад байна. Иймд нэр дэвшигч С.Эрдэнээс үлдэгдэл мөнгөө авмаар байна гэв.

Энэ үеэр АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр гарч ирэн Ц.Нямдалайг цагдаагийн байгууллагад өгч байгаа талаараа мэдээлэл өгөв.  

АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр: 

-Энэ залуу тус компанийн нягтлан руу өглөө утасдаад, "Үлдэгдэл 70 сая төгрөгөө өгөхгүй бол хэвлэлийн хурал хийлээ" хэмээн сүрдүүлсэн байна. Иймд би Эрүүгийн хуулийн 17.6-д заасны дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Сүрдүүлсэн бичлэг нь байгаа.

Улс төрийн захиалгатай хэвлэлийн хурал хийсэн гэж харж байна. Учир нь тус компани өнгөрсөн долоон жилийн хугацаанд хууль, хяналтын байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Шүүхэд огт хандаж байгаагүй, ямар ч шийдвэр гараагүй байхад өнөөдөр бусдын нэр хүндэд халдаж байна. Хэвлэлд хандсанаар үнэн болохгүй. Иймд цагдаагийн байгууллагад өгч, шалгуулна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.