Я.Санжмятав: Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч үргэлжлүүлэн хоёр жил ажиллах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан билээ.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Ерөнхийлөгч УИХ-ыг ҮХЦ-тэй хуйвалдсан гэлээ. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн үзэл баримтлалд "Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдоно" гэж цагаан дээр хараар бичсэн. Х.Баттулга Ерөнхийлөгчид нэг удаа боломж олгох үүднээс ҮХНӨ-ийг хэлэлцэж байх үеэр "2025.07.01-ээс энэ хуулийг хэрэгжүүлье" гэсэн санал дэвшүүлсэн. Гэтэл тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболд орж ирээд 2020.07.01-ээс хэрэгжүүлье гэж хэлээд болиулсан. Үүнийг нь Х.Баттулга Ерөнхийлөгч өөрөө батламжилсан шүү. ҮХЦ-ийн шийдвэр болон УИХ-ын томилогооны шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж болдог юм уу. Болдоггүй юм.
УИХ-ын гишүүн Д.Адьшаа:
-ҮХЦ хууль дээдлэх зарчмыг гажуудуулсан шийдвэр гаргасан. Нийгмийг талцуулсан асуудал үүсгэсэнд нь УИХ дүгнэлт хийх ёстой. Ж.Мөнхбат аа, чи өөрөө "Одоогийн Ерөнхийлөгч дахин нэг удаа нэр дэвших боломжтой" гэж хэлж байсан. Би цаасаар нь харуулж байна.
ТББХ-ны дарга Ж.Мөнхбат:
-Хуулийн дагуу ҮХЦ дүгнэлтээ гаргаж УИХ-д ирүүлсэн. Дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийг үндэслэж УИХ уг асуудлыг авч хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Бүх зүйл хуулийн дагуу явж байна. Заавал хэлэлцэх ёстой шүү дээ. Ерөнхийлөгч хориг тавьсан учраас бас л хуулийн дагуу авч хэлэлцэж байна.
Ажлын хэсгийн гишүүн Л.Болд:
-УИХ-ын 72 дугаар тогтоолд зааснаар "Нэг удаа зургаан жилээр сонгогдоно" гэдэг концепцийг оруулж ирж баталсан. Гэтэл хөндлөнгөөс гомдол гаргаад ҮХЦ-ээс УИХ буруу шийдвэр гаргажээ гэж болох уу? Ерөнхийлөгч ҮХЦ-ийг концепцоо хамгаалаасай гэсэндээ хориг тавьсан юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Үндсэн хуулийн 66-ын 3 дээр ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээн авсан тохиолдолд Ерөнхийлөгч хориг тавьж болохгүй гэж заасан. Гэтэл хориг тавьсан. УИХ энэ асуудлыг хэлэлцэх эсэх нь ч маргаантай байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан болсон юм уу, болоогүй юм уу? Хоёрдугаарт, хууль тогтоогчид Цэц болчихсон юм уу, нам болчихсон юм уу. Мөн "Зургаан жилээр зөвхөн нэг удаа" гээд толгой заачихсан байна. Үүнийгээ тайлбарлаад өгөөч.
ТББХ-ны дарга Ж.Мөнхбат:
-Цэц бага, дунд суудлын хуралдаанаа хийгээд дүгнэлтээ УИХ-д ирүүлсэн. Дэгийн тухай хуулийн дагуу авч хэлэлцээд дүгнэлтээ гаргасан. Цэц ямар хуралдаанаа хийсэн эсэхийг тодруулж нягтлах боломж УИХ-д байхгүй. Нэгэнт парламент шийдвэрээ гаргасан учраас процессийн дагуу цааш явж байна. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага.
Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав:
-"Зургаан жилээр зөвхөн нэг удаа" сонгох юм бол одоогийн Ерөнхийлөгч үргэлжлүүлэн хоёр жил ажиллах ёстой. Сонгууль хийхгүй. УИХ зэрэгцүүлээд маш яаралтай хуулиа өөрчилж сунгаж өгөх ёстой. Хэрэв ингэхгүй бол УИХ өөрөө тарах нөхцөл рүү орно шүү.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Ойлгомжтой байгаа шүү дээ. ҮХЦ-ийн бага суудлын хуралдаанаас гарсан шийдвэр МАН-д таалагдаагүй учраас нэг гишүүнийг нь замаасаа зайлуулсан. Дунд суудлын хуралдаан дээр өөрсдийн гар хөлөө суулгаж байгаад дуртай шийдвэрээ гаргуулсан. Энэ байдлаараа Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах гээд улангасч байна. Монгол төрийн үйл ажиллагаа ийм болсонд харамсаж байна. Ерөнхийлөгч ийм агуулгаар хориг тавьсан юм. МАН-ын гишүүд их эгдүүцэж байх шиг байна. Хоригийг хүлээж авах ёстой юм шүү. УИХ-ын гишүүдийн батлаагүй хуульд ҮХЦ дүгнэлт гаргачихсан.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Монголын ардчилалд аюул учирлаа. Хууль үйлчлэхээ болилоо. Монгол улс нэг намын дарангуйлалд орлоо гэдгийг би ард түмэндээ хэлье. Цаанаас тохируулсан зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан нь ҮХЦ-ийн шийдвэрээс тодорхой харагдлаа. Байнгын хороодын хуралдаанаас харвал УИХ хоригийг хүлээн авахгүй нь бололтой. Ард түмэн ухаантай. Ядарсан дээрэлхүүлсэн хүнийг өрөвддөг. Бөхөөр бол гар хөлийг нь боож байгаад барилдуулах гээд байгаа нь тодорхой болчихлоо.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-УИХ-ын гишүүнээр 2012-2016 онд ажиллаж байхад ҮХЦ-ийн хэд хэдэн дүгнэлт орж ирж хэлэлцэж л байсан. Арай ч ийм байгаагүй. ҮХ-д зүйл заалт тусгаагүй нь ҮХ зөрчсөн гэж үздэг нь яаж байгаа юм бэ. Ийм тохиолдлыг өмнө нь буцааж байсан юм. Өнөөдөр гэтэл хэлэлцээд шийдвэр гаргачихсан. Бага суудлын хуралдаанд оролцогч гишүүн нь өөрт нь ашиггүй болохоор хурлаа хаяад зугтдаг. Ашигтай болохоор орж ирээд суучихдаг. Ийм жишээг дарга нь тоохгүй сууж л байдаг. ҮХЦ-ийн гишүүд хоорондоо нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байна шүү дээ.
Гишүүд саналаа хэлж дууссаны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч "Цаг тулсан хугацаатай хууль учраас хоёр цагийн завсарлага өгье" гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Үүний дараа хэлэлцэх асуудлын дарааллын дагуу "Коронавирусийн цар тахлын нөхцөл байдал"-ыг хэлэлцэж эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.