Салбарын яам шатахуун хомстолгүй гэж мэдээлсээр байгаа ч бодит байдал дээр иргэд шатахуунд дугаарласаар өдрийг барж байна
Өнөөдөр шатахуун түгээх станцуудын үүдэн дэх урт дараалал, хэрэглээнд хязгаарлалт тавьж буй нь зөвхөн нийлүүлэлтийн асуудал биш. Бид эрсдлүүдээ эртнээс тооцоолж ирсэн бол монголчууд өнөөдөр шатахуунаар цангаж суухгүй байх байлаа.
ОХУ-ын Ангарскийн үйлдвэр манай улсад сард 75 мянган тонн энгийн АИ 92 авто бензин нийлүүлдэг байсан бол энэ тоо өнөөдөр 50 мянга болж буурчээ. Иргэд бензин авах гэхээр ихэнх ШТС-ууд АИ92 байхгүй гэж буцааж байна. Харин түгээж буй ШТС-ууд оочер ихтэйгээс гадна талон болон, карттай иргэдэд өгнө хэмээн иргэдийг чирэгдүүлсээр байна. Хөдөө орон нутагт бүр хомстол үүсэж, тасарсан гэх мэдээлэл ч гарч эхэлсэн. Гэвч холбогдох яам, газар, албан тушаалтнууд хэвийн олгогдож байгаа хэмээн мэдээлсээр байгаа юм.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-Украины дайнтай холбоотойгоор манай улс шатахуун авах төлбөр тооцоогоо хийж чадахгүй хэмжээнд хүрсэн гэх мэдээлэл гарсан. Тус асуудалд албаныхан дараах хариултыг өгч байна.
Халаасанд мөнгө байвч шатахуун авч чадахгүйн гачланд манай улс нэрвэгдээд байна. Шатахууны импортын 98 хувийг ОХУ-аас авдаг манай улсын хувьд нийлүүлэлтийн доголдол дотоодын зах зээлд шууд нөлөөлж байна. ОХУ, Украины дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Дайны жилүүдэд ОХУ-ын шатахуун үйлдвэрлэл, экспортод өөрчлөлт гарах эрсдэл байсаар ирсэн. Гэвч Монгол Улс шатахуун нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах, нөөц бүрдүүлэх асуудалд дорвитой арга хэмжээ аваагүй нь өнөөдөр ийм байдалд хүргэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.