С.Молор-Эрдэнийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ
Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт холбогдон шалгуулж, цагдан хоригдож байсан философич С.Молор-Эрдэнийг батлан даалтад гаргах захирамжийг өчигдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун гаргалаа. Өнгөрсөн долоо хоногт тус шүүхийн шүүгч Ч.Алдар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сараар сунгах захирамж гаргаад байсан юм.
Үүнийг эс зөвшөөрч С.Молор-Эрдэнийн өмгөөлөгч нар ерөнхий шүүгчид хандсанаар яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явах, нэр бүхий оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоосон байна.
Шүүх цагдан хорих хугацааг сунгах захирамж гаргасны дараа тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас захидал бичиж “Намайг хорих шалтгаан болох бодит баримт юу байгаа юм бэ. Ердөө л үзэл бодол хорих шалтгаан гэж үү. Би философичийн ажлаа л хийсэн. Дэлхий нийтийн сэхээтнүүдийн эрхэмлэдэг соёл дэвшил болох олон үзэл бодлоос нийгэм урагшлахад онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Үүнийг би эх орондоо хэрэгжүүлэхийг зорьдог. Ийм сайхан үйл хэргийг хорьж, замыг хааж хэзээ ч болохгүй. Үзэл бодол олон байж чөлөөтэй илэрхийлэх боломж бол ардчилсан нийгмийн үнэт зүйл. Сар гаруй хугацааны өмнө ИЗНН-аас намайг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг зарлангуут улс төржүүлж эхэлсэн. Нэг жил хагасын өмнө ярьсан үзэл бодлыг гуйвуулж, олон нийтэд сөрөг ойлголтууд өгснөөр үйл явдал өрнөж, улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдэгдэл хийж хорих тухай би яриагүй гэж байсан. Надад тэсэхийн аргагүй байна. Энэ балмад үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна” хэмээсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.