LIVE: С.Баярмагнай: Одоо яаж "цэргийн алба сайхан, чи яваадах" гэж хэлэх юм бэ
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай Зэвсэгт хүчний ангид амиа алдсан байлдагчтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайдад шаардлага өгч байгаа талаараа мэдээлэл өглөө.
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид амиа алдсан байлдагч Г нь Чингэлтэй дүүргийн иргэн тул тэрээр тус дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувиар иргэнийхээ амь насыг нэхэж байгаа аж.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай:
-2019 оноос хойш өнөөдрийг хүртэл 11 байлдагч амиа алдсан байдаг юм байна. Энэ бол мэдэгдэж байгаа л тоо шүү дээ. Бид хайртай хүү, ах, дүүгээ цэрэгт явж, эр хүн болоод ир гэдэг болохоос зодуулж, яргалуулаад үхээдэх гэж явуулдаггүй. Дүүргийн иргэдээ цэрэгт явуулах талаар дүүргийн ИТХ-аас сурталчилгаа хийдэг. Одоо яаж цэргийн алба сайхан, чи яваадах гэж хэлэх юм бэ. Энэ шаардлагад хариу өгөхгүй бол Батлан хамгаалахын сайдыг огцрохыг шаардаж байна гэв.
Харин иргэдийн хувьд "Би ээж хүний хувьд хүүгээ албанд явуулахаас айж байна", "Саяны амиа алдсан байлдагчийг хууч өвчтэй гэсэн байсан. Анхнаасаа хууч өвчтэй хүн цэрэгт авч, зодож алчихаад, өвчнөөр үхчихлээ гэж болохгүй. Би өөрөө унадаг татдаг учраас айж байна. Намайг цэрэгт татаад зодож алчихаад өвчтэй байсан гэж магадгүй шүү дээ" гэцгээж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.