Сургуулийн газрыг өөр зориулалтаар эзэмшүүлэхийг хориглосон атал шүүх үл ойшоов
Баян-Өлгий аймгийн төв дэх, монгол хэлээр хичээллэдэг II сургуулийн газрын маргаан олон жил өрнөж байна. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын нэрэмжит тус сургуулийн эзэмшил газраас Баян-Өлгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан С.Шүкирхан нь хумслан охин Ш.Маржангүлийнхээ төрсөн өдрийн бэлэг болгон өгсөн байдаг.
Тодруулбал, 2011 онд төрийн байгууллагуудын газрын тооллого зохион байгуулахад дээрх ерөнхий боловсролын сургуулийн газар 16 552 ам метр байсныг 16 000 болгон хасжээ. Харин хассан 552 ам метр газрыг 2012 онд Ш.Маржангүлд тухайн үеийн орон нутгийн Засаг даргын захирамжаар өмчлүүлсэн. Уг газраа Ш.Маржангүл нь 2024 оны гуравдугаар сард Н.Ергали гэх хүнд 350 сая төгрөгөөр худалдаж, тэр нь худалдааны төв бариулах болсноор маргаан дэгдэж, багш, ажилчид нь тэмцэж эхэлсэн билээ.
Үүнээс үүдээд АТГ-т С.Шүкирханыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн шалгасан ч Баян-Өлгий аймгийн прокурорууд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Сургуулийн удирдлага газраа буцаан авах талаар хөөцөлдөн шүүхэд хандсан ч шүүгчид нь албан тушаалтнуудынхаа талд шийдвэр гаргаад буй юм.
Тиймдээ ч АТГ-ынхан хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад хандсан талаар бид өнгөрсөн долоо хоногийн баасан гаргийн дугаартаа мэдээлсэн. Уг нь Монголын төр, шүүх нь хуулиа дээдэлдэг бол төрсөн өдрийн бэлэг болсон, 350 саяар үнэлэгдэн зарагдсан сургуулийн газрыг буцаагаад авах бүрэн боломжтой. Харамсалтай нь, Баян-Өлгийн шүүх, шүүгч нар нь хуулийг уландаа гишгэн, үл ойшоож байгаа гэхэд хилсдэхгүй.
Эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт нэхэмжлэлээ татахад нөлөөлсөн үү
Газрын хэмжээг нь багасган зарж, үйлчилгээний төв барих болсон тус аймгийн Засаг даргын 2012 оны нэгдүгээр сарын 18-ны 14 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймгийн төв дэх II сургуулийн удирдлага шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэвч нэхэмжлэгч эл сургуулийн төлөөлөгч нь 2013 онд эвлэрээд хэргийг хэрэгсэхгүй болгочихсон удаатай. Ингэж эвлэрсэн шалтгаан бол итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баян-Өлгий аймгийнхаа эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт дунд байсан учраас ийм арга хэмжээ авахад хүрсэн гэдгийг АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон юм билээ.
Энэ талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Аав, охин болох Шүкирхан, Маржангүл нар намайг их дарамталсан. Нэг өдөр ажлаа тараад явж байтал Шүкирхан 19.00-20.00 цагийн үед миний хажууд машинтай ирж зогсон намайг дуудаад “Чи араа мэдэж яваарай, юу ч олж долоохгүй. Тэтгэвэрт гарахын өмнө нэрээ бодоорой” гэх мэтээр заналхийлсэн. Хэд хоногийн дараа орцны үүдэнд өндөр, нам хоёр хүн таараад намайг заамдан “Маржангүлийн эзэмшлийн газрыг авна гэж шүүхэд хандсан хүн биз дээ. Өргөдлөө буцааж ав, үгүй бол энд чинь дуусгачхаж чадна шүү” гэж дарамталсан” хэмээн ярьжээ.
Өөрөөр хэлбэл, амь, эрүүл мэндэд нь дарамт шахалт учруулснаас болж нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэж болох нь. 2008-2012 онд тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалын хууль зөрчсөн шийдвэрээр II сургуулийн газраас хумслан Ш.Маржангүлд эзэмшүүлсэн юм. Тодруулбал, УИХ 2002 онд баталсан, энэ үйл явдал өрнөсөн 2012 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Боловсролын тухай хуулийн 42.5-д “Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана” гэж заасан бол 42.8-д нь “Сургууль, цэцэрлэгийн нөөцийн газрыг өөр зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах, худалдахыг хориглоно” гэжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Боловсролын ерөнхий хуульд ч боловсролын салбарын барилга байгууламжийн урт хугацааны төлөвлөлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, сургууль, цэцэрлэгийн эзэмшил, ашиглалтын эдэлбэр газрыг сургалтын орчны стандартад нийцсэн талбайн хэмжээний дагуу газрын нөөцөд авч, газар зохион байгуулалтын холбогдох төлөвлөгөөнд тусгах, шинээр барих сургууль, цэцэрлэгийн газрыг өөр зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах, худалдахыг хориглохоор заасан.
Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд “Өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах, иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх, хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар (гудамж, талбай, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг), бэлчээр, ойн болон усны сан бүхий, тусгай хэрэгцээний, зам, шугам сүлжээнийхээс бусад газарт өмчлүүлэхээр тусгасан. Тухайн үеийн ч, өдгөө хүчин төгөлдөр хуульд ч сургууль, цэцэрлэгийн газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон заалттай атал эрх мэдэлтнүүд нь албан тушаалаа ашиглаад өгчихсөн нь тодорхой болж.
Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолд энэ талаар дурдсан байв. Тухайлбал, “Тогтоогдсон нөхцөл байдал, хуулийн зохицуулалтаас үзвэл С.Хавал, С.Шүкирхан нар хамтран оролцож, Ш.Маржангүлд давуу байдал олгосон гэж үзэхээр байх боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 264.1-ийн эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийн шинжтэй ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна” гэжээ.
Шинээр илэрсэн нөхцөл байдал биш гэж үзжээ
Биеийн тамирын талбай буюу эзэмшил газраа буцаан авахаар хөөцөлдсөн сургуулийн албан тушаалтнууд дарамт шахалтад орж 2013 онд нэхэмжлэлээсээ татгалзан, эвлэрч. Хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгалтаар нэхэмжлэгч дарамт шахалтад орсон, эрх мэдлээ хэтрүүлсэн албан тушаалтны хэргийн хөөн хэлэлцэн хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн II сургуулийн удирдлага шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах хүсэлт тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Тус шүүхийн шүүгч М.Роза даргалан хэлэлцсэн хурлаас хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Түүгээр ч зогсохгүй уг тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж тодотгожээ.
Уг нь Үндсэн хуульд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан. Мөн нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй хэмээн хуульчилсан атал сургуулийн газрын маргааны талаар давж заалдах гомдол гаргах эрхгүй гэсэн нь ямар учиртай вэ. Хэн нэгэнд илт үйлчлээд буй юм биш биз гэсэн хардлага төрүүлнэ.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэл, хүсэлтийг энэ оны тавдугаар сарын 18-нд хянан шийдвэрлээд 110/ШТ2026/0001 дугаартай тогтоол гаргасан аж. Гэтэл тус шүүхийн шүүгч, Тамгын газрынхан нь хууль, журмаа үл ойшоон цахим санд тогтоолоо байршуулалгүй өдий хүрчээ. Уг нь Шүүхийн тухай хуулийн 22.8-д “Хуульд өөрөөр заагаагүй бол бүх шатны шүүх шийдвэрээ шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санд байршуулна”, 75.2.2-т “Шүүхийн шийдвэр, тогтоолыг эмхэтгэн хэвлэх болон цахим хуудсанд тогтмол байршуулах” гэж заасан.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор баталсан Шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулах журмын 5.1-д “Шүүхийн шийдвэрийг шүүгч гарын үсэг зурж албажуулснаас хойш ажлын арван өдрийн дотор цахим хуудсанд байршуулна” гэж заасан. Тэгвэл Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэр гарснаас хойш дөрвөн сар шахмын хугацаа өнгөрч. Энэ хугацаанд shuukh.mn цахим хуудсанд 110/ШТ2026/0001 дугаартай тогтоолыг огт байршуулаагүй нь тус аймагт хууль, журам өөрөөр үйлчлээд байна уу гэлтэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.