ХЭҮК: Газрыг хамгаалахын тулд газар нутгийг хамгаалж байгаа хүмүүсийг хамгаалах ёстой

ХЭҮК: Газрыг хамгаалахын тулд газар нутгийг хамгаалж байгаа хүмүүсийг хамгаалах ёстой

“Газрыг сэргээе. Найдварыг сэргээе” гэсэн COP17-ын уриаг хүний эрхийн өнцгөөс харвал газрыг сэргээх нь хүний амьдрал, амьжиргаа, эрхийг хамгаалах үйл явц юм. 

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын COP17 Монгол Улсад зохион байгуулагдаж буй энэ үед газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн байгаль орчны асуудал бус, хүний эрхийн асуудал гэж харах нь онцгой ач холбогдолтой. Учир нь газар доройтоход усны нөөц, бэлчээр, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, амьжиргаа шууд нөлөөлж, улмаар шилжилт хөдөлгөөн, орон байр, нийгмийн хамгаалал зэрэг олон асуудалтай холбогддог. Иймээс “Газрыг сэргээе. Найдварыг сэргээе” гэсэн COP17-ын уриаг хүний эрхийн өнцгөөс харвал газрыг сэргээх нь хүний амьдрал, амьжиргаа, эрхийг хамгаалах үйл явц юм. 

ХЭҮК-ийн COP17-д зориулсан гурван танилцуулга энэ асуудлыг харилцан холбоотой гурван өнцгөөс авч үзэж байна.

Нэгдүгээрт, байгаль орчны хүний эрх хамгаалагчдын эрх, аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай. ХЭҮК-ийн 2023 оны үндэсний хэмжээний судалгаанд 21 аймаг, Улаанбаатар хотын 902 хүн хамрагдаж, 82 хүний эрх хамгаалагчтай 25 удаагийн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийсэн. Байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын 25.2 хувь нь дарамт, заналхийллийн эрсдэлийг “маш их”, 19.8 хувь нь “их” гэж үнэлсэн бөгөөд 76.4 хувь нь зөрчигдсөн эрхээ бодитоор сэргээн хамгаалуулж чадаагүй гэж хариулсан.

Энэ нь байгаль орчныг хамгаалж байгаа хүмүүс өөрсдөө хамгаалалт шаарддагийг харуулж байна. Тиймээс газрыг хамгаалахын тулд газар нутгийг хамгаалж байгаа хүмүүсийг хамгаалах ёстой. 

Хоёрдугаарт, 2023 оны Хүний эрхийн Үндэсний форумын “Хүний эрх ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлэг ус, гамшиг, бэлчээрийн доройтол, шилжилт хөдөлгөөн, хотын агаарын бохирдол нь тус тусдаа асуудал биш, нэг тогтолцооны харилцан холбоотой хэсгүүд болохыг тодорхой харуулсан. Усны хомсдол хүний эрүүл мэнд, амьд явах эрхэд нөлөөлнө. Бэлчээрийн доройтол малчдын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, соёл, уламжлалт амьдралд нөлөөлнө.

Ган, зуд, гамшгийн улмаас амьжиргаагаа алдсан өрх хот руу шилжихэд орон байр, ус, боловсрол, эрүүл мэнд, агаарын бохирдлын шинэ эрсдэлтэй тулгарч болно. Иймээс уур амьсгалын бодлого салбар тус бүрээр тасалдсан бус, хүний эрхэд суурилсан нэгдсэн бодлого байх ёстой. 

Гуравдугаарт, 2025 оны Хүний эрхийн Үндэсний форумын “Хүний эрх ба уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил” хэлэлцүүлэг уур амьсгалын бодлого, ногоон шилжилтийг хэн нэгнийг орхигдуулахгүйгээр хэрэгжүүлэх шаардлагыг онцолсон. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн бараг 77 хувь газрын доройтолд өртсөн гэсэн үнэлгээ байгаа энэ үед малчдыг зөвхөн байгалийн нөөц ашиглагч бус, уламжлалт экологийн мэдлэг тээгч, байгаль хамгаалагч, биологийн олон янз байдлыг хадгалагч гэж харах шаардлагатай.

Томоохон уул уурхай, газрын тосны төслүүдэд нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийж, газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийг хүний эрхийн стандартад нийцүүлэх, нөлөөлөлд өртөх иргэдийн бодит оролцоог хангах нь чухал. ХЭҮК өмнөх судалгаа, дүн шинжилгээндээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд 224 эрх зүйн актыг хүний эрхийн шалгуураар шинжилж, гаргасан зөвлөмжийн тодорхой хэсгийг Улсын Их Хурлын 2024 оны 37 дугаар тогтоолд тусгуулсан. Энэ нь судалгаа → нотолгоо → зөвлөмж → төрийн бодлого гэсэн хүний эрхийн үндэсний механизм бодитоор ажиллаж болохыг харуулсан жишээ юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.