“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлыг шүүхэд шилжүүлэв
“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Улмаар гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийг нь хүргүүлсэн байна.
Дээрх компанийн хэд хэдэн албан тушаалтныг эрх мэдлээ урвуулж, их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгасан билээ. Тэднээс ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн инженер Х.Азжаргал нарт Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хахууль авсан” гэх заалтын дагуу прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өнгөрсөн сард мэдээлж байсан. Тэгвэл энэ удаа “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяад дээрх хоёр инженертэй яг ижил зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлджээ.
Тэрбээр 50 сая төгрөгийн хахууль авсныг мөрдөгчид шалгаж тогтоосон юм байна.
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах” төслийг “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг түшиглэж хийсэн юм. Уг төслийн ажлыг гүйцэтгэгч “Ричвелл инженеринг” ХХК-ийн захирал Д.Гантөмөрөөс Улсын комисс ажиллах боломжгүй гэж дүгнээд байхад эрчим хүчний барилга, байгууламжийг ашиглалтад оруулах шийдвэр гаргуулах, төслийн санхүүжилтийг гүйцэд гаргуулж авах ашиг сонирхлынх нь төлөө дээрх хэмжээний төгрөг авсан гэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.