Дуа Липа өөрийнх нь зургийг зөвшөөрөлгүй ашигласан Самсунг компанийг шүүхэд өгөв
Дэлхийн поп од Дуа Липа өөрийнх нь зургийг зурагтын хайрцган дээр зөвшөөрөлгүйгээр ашигласан хэргээр "Samsung Electronics" компанийн эсрэг 15 сая ам.долларын нөхөн төлбөр шаардсан томоохон шүүхийн нэхэмжлэл гаргажээ.
Уг нэхэмжлэлийг 2026 оны тавдугаар сарын 8-ны баасан гарагт Калифорни мужийн Төв бүсийн АНУ-ын Дүүргийн шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд дуучин бүсгүй зохиогчийн эрх болон барааны тэмдгийн зөрчил гаргасан гэж үзэж байна.
Маргааны гол бай болсон гэрэл зургийг 2024 онд болсон "Austin City Limits" хөгжмийн наадмын тайзны ард авсан бөгөөд Дуа Липа уг зургийн цорын ганц зохиогчийн эрх эзэмшигч юм. Тэрээр 2025 оны зургаадугаар сард цахим сүлжээнд шүтэн бишрэгчид нь "Дуа Липагийн зурагтай телевизийн хайрцаг" хэмээн шуугиж эхлэх үед уг зөрчлийг анх олж мэджээ. Шүүхэд өгсөн баримтаас харахад, дээрх гэрэл зургийг АНУ-ын жижиглэн худалдааны дэлгүүрүүдээр борлуулагдсан Самсунг телевизийн хайрцаг дээр томоор хэвлэсэн байжээ.
Зөрчлийг илрүүлсний дараа дуучны хуулийн баг зургийг ашиглахаа зогсоохыг Самсунг компаниас удаа дараа шаардсан байна. Гэвч тус компани шаардлагыг үл тоомсорлож, хайрцагтай бүтээгдэхүүнээ зах зээлд үргэлжлүүлэн борлуулсаар байсан тул ийнхүү шүүхэд хандахад хүрчээ.
Дуа Липа 15 сая ам.долларын бодит хохирлоос гадна торгууль, хуулийн зардал, зөвшөөрөлгүй ашигласнаас олсон ашиг болон зургийг нь цаашид ашиглахыг хориглох шийдвэр гаргуулахаар зорьж байна. Харин Самсунг компанийн хэвлэлийн төлөөлөгч шүүхийн шатанд явж буй хэргийн талаар тайлбар өгөх боломжгүй гэх товч хариулт өгчээ.
Компанийн дээрх үйлдэл нь дуучны брэндийн үнэ цэнийг бууруулж, олон нийтэд Самсунгийн зурагт сурталчилж байгаа мэт ташаа ойлголт төрүүлсэн гэж өмгөөлөгчид нь үзэж байна. Дуа Липа нь өмнө нь Porsche, Versace, Apple зэрэг дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж байсан бөгөөд сурталчилгааны гэрээнд маш өндөр шалгуураар ханддаг аж.
Шүүхэд гаргасан баримтад шүтэн бишрэгчдийнх нь "Зөвхөн Дуа Липагийн зураг байгаа учраас л энэ зурагтыг авна", "Зурагт авах төлөвлөгөөгүй байсан ч хайрцгийг нь хараад худалдаж авахаар шийдлээ" гэх мэт цахим сүлжээн дэх сэтгэгдлүүдийг хавсаргаж, компани уг зургаас санхүүгийн ашиг олсон болохыг нотлохыг оролджээ.
Уг шүүхийн маргаан нь алдартнуудын дүр төрхийг арилжааны зорилгоор зөвшөөрөлгүй ашиглах явдал ямар ноцтой үр дагаварт хүргэж болохыг харуулсан томоохон жишээ болж байна.
Калифорни мужийн хувь хүний дүр төрхөө өмчлөх эрхийн тухай хууль болон холбооны Ланхамын хуулийг зөрчсөн гэх энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь энтертайнмент болон технологийн салбарынхны анхаарлын төвд байна.
Эх сурвалж:
• bgr.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.