В.Путин дайныг дуусгах дохио өгсөн ч гал зогсоох хэлэлцээр нурлаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын үеэр Украин дахь дайн төгсгөл рүүгээ дөхөж байгааг анх удаа цухуйлгасан ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зуучилсан 72 цагийн гал зогсоох хэлэлцээр бүрэн нурлаа.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський фронтын шугамд нам гүм байдал тогтоогүйг мэдэгдэж, Оросын талыг шинэ халдлагад бэлтгэж байна хэмээн буруутгаснаар талууд байлдааны ажиллагаагаа дахин эрчимжүүлээд байна.
Кремлийн тэргүүн Москвад болсон баярын арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд хандан "Энэ асуудал дуусаж байна гэж бодож байна" хэмээн мэдэгдсэн нь 2022 оны түрэмгийллээс хойших хамгийн ер бусын дохио боллоо. Тэрбээр өмнөх шигээ "тусгай цэргийн ажиллагааг бүх зорилгодоо хүртэл үргэлжлүүлнэ" гэх үгээ хэлээгүй бөгөөд "энхийн гэрээний хүрээг урьдчилан тохиролцсон нөхцөлд В.Зеленськийтэй гуравдагч оронд нүүр тулан уулзахад нээлттэй" гэдгээ илэрхийлсэн юм.
Дипломат хүчин чармайлтын хүрээнд талууд тус бүр 1000 олзны цэрэг солилцох тохиролцоонд хүрсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Оросын удирдагчийн гэнэтийн өөрчлөлт нь тулааны талбар дахь ухралт болон эдийн засгийн дарамттай шууд холбоотой аж. Оросын арми 2024 оны наймдугаар сараас хойш анх удаа буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард 45-113 хавтгай дөрвөлжин миль газар нутгаа алджээ. Түүнчлэн сар бүр 35 мянган цэргээ алдаж байгаа нь шинээр элсүүлж буй 24-30 мянган хүний тооноос давсан үзүүлэлт юм.
Үүний зэрэгцээ Украин улс дроны технологиор давамгайлж, фронтын шугамаас 50-300 километрийн гүнд орших Приморск, Усть-Луга зэрэг Оросын газрын тосны терминал болон 14 боловсруулах үйлдвэрт цохилт өгснөөр экспортын хэмжээг эрс бууруулж, төрийн сангийн гол орлогыг тасалдуулаад байна.

Энхийн хэлэлцээг эхлүүлэх зорилгоор В.Путин Германы канцлер асан 82 настай Герхард Шрёдерийг зуучлагчаар санал болгосон ч Европын Холбооны өндөр дээд төлөөлөгч Кая Каллас болон Германы албаны хүмүүс түүнийг "Оросын төрийн өмчит компаниудын лобби хийгч" хэмээн эрс няцаав. Дайныг дуусгах тухай яриа гарч байгаа хэдий ч Кремлийн үндсэн шаардлага өөрчлөгдөөгүй бөгөөд Донбассын бүс нутгийг бүрэн хяналтдаа байлгаж, Украиныг НАТО-д хэзээ ч элсүүлэхгүй байх баталгааг шаардсаар байна. Харин Киевийн эрх баригчид Крымийн хойгийг оролцуулаад бүх эзлэгдсэн газар нутгаас Оросын цэргийг бүрэн гаргах шаардлагаасаа ухраагүй юм.
Цэрэг-улс төрийн шинжээчид ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг хүчээ дахин төвлөрүүлэх зорилготой "тактикийн заль мэх" байж болзошгүйг хатуу анхааруулж байна. АНУ-ын Засгийн газар Ирантай холбоотой мөргөлдөөнд анхаарлаа хандуулж буй энэ үед түр эвлэрлийн хугацаа дуусаж, талууд дахин ширүүн тулаанд шилжсэн нь бодит энхийн гэрээ байгуулахад асар их саад бэрхшээл байгааг харууллаа.
Эх сурвалж:
• pbs.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.