Есөн удаа гэрлэж, эд хөрөнгө хулгайлсан хуурамч сүйт бүсгүйг эрэн сурвалжилж байна
Энэтхэгийн баруун хэсэгт орших Махараштра мужийн Бид дүүрэгт чинээлэг ганц бие эрчүүдийг онилж, хуурамчаар гэрлэн эд хөрөнгийг нь хулгайлдаг байсан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэллээ.
"News 9 Live" хэвлэлийн мэдээлснээр, нэгэн эмэгтэй гэрлэлт зуучлалын агентлагийн нэрээр халхавчилсан бүлэглэлтэй хамтран есөн өөр эрэгтэйтэй хуримлаж, их хэмжээний бэлэн мөнгө болон үнэт эдлэл хулгайлан зугтсан ноцтой хэрэг гарсан байна.
Залилангийн схемийг хэрэгжүүлэгчид өөрсдийгөө гэрлэлт зуучлалын төлөөлөгч хэмээн танилцуулж, эхнэр хайж буй хөрөнгөтэй эрчүүдийг олж тогтоодог байжээ.
Тэд хохирогчдод дур булаам бүсгүйг санал болгож, богино хугацаанд танилцуулан хурим хийх бүх зохион байгуулалтыг хариуцдаг байсан аж.
Гэвч гэрлэлтээ батлуулснаас хойш хэдхэн хоногийн дараа шинэхэн эхнэр нөхрийнхөө гэр бүлийн хадгаламж, бэлэн мөнгө, үнэт эдлэлийг бүгдийг нь хамж аваад ор мөргүй алга болдог байв. Энэ үед зуучлагч гэгдэх этгээдүүд ч мөн адил холбоо барих боломжгүй болж, утсаа салгадаг байсныг мөрдлөгийн явцад тогтоожээ.
Нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг нь Йогеш Шинде хэмээх нутгийн оршин суугч цагдаагийн хэлтэст хандсанаар ил болсон юм.
Тэрээр зуучлагчдын тусламжтайгаар гэрлэсэн боловч хэдхэн хоногийн дараа эхнэр нь хамаг эд хөрөнгийг нь аваад зугтсан тухай гомдол гаргаж, эд материалын төдийгүй сэтгэл санааны хүнд хохирол амссанаа мэдүүлжээ. Цагдаа нар түүний гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Шинде нь тус бүлэглэлийн золиос болсон ес дэх хохирогч болох нь батлагдсан байна. Өмнө нь яг энэ эмэгтэй дээрх аргаар найман ч удаа хүнтэй сууж, цаг тухай бүрд нь үнэт зүйлсийг нь хулгайлан оргон зайлж байжээ.
Одоогийн байдлаар Энэтхэгийн хууль сахиулах байгууллагаас цуврал хуурамч сүйт бүсгүй болон түүний хамтрагчдыг орон даяар эрэн сурвалжилж байна.
Эрх баригчид энэ төрлийн гэмт хэрэг бусад мужуудад ч бүртгэгдэж байсныг онцлоод, иргэдийг гэрлэлт зуучлалын үйлчилгээ авахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. Хэдийгээр өргөн цар хүрээтэй хайх ажиллагаа эхэлсэн ч сэжигтнүүдийн хаана байгааг хараахан тогтоогоогүй байгаа аж.
Эх сурвалж:
• zakon.kz
• news.ru
• 360.ru
• dzen.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.