JPMorgan Chase банкны удирдлага бэлгийн хүчирхийллийн дуулианд холбогджээ
Дэлхийн хамгийн том банкнуудын нэг болох "JPMorgan Chase"-ийн гүйцэтгэх захирал Лорна Хайдини өөрийн ажилтан Чираю Ранаг бэлгийн боолчлолд оруулсан гэх ноцтой хэрэг Нью-Йорк мужийн Дээд шүүхэд шилжжээ.
Энэхүү дуулиан нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж, санхүүгийн салбар дахь ажлын байрны дарамт, хүчирхийллийн асуудлыг хурцаар хөндөж байна.
Өдгөө 35 настай, Өмнөд Ази гаралтай Чираю Рана нь тус банкны өрийн зээлийн тасагт ахлах дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2024 оны тавдугаар сараас эхлэн удирдлагынхаа зүгээс бэлгийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж эхэлсэн гэж нэхэмжлэлдээ дурджээ.
Түүний баталж буйгаар, 37 настай Лорна Хайдини нь албан тушаалаа урвуулан ашиглаж, уух зүйлд нь виагра болон мансууруулах үйлчилгээтэй эм нууцаар хольж өгөн бэлгийн харилцаанд орохыг албаддаг байсан аж. Түүнчлэн "Хэрэв надтай унтахгүй бол чамайг устгана", "Чи миний өмч" гэх мэтээр сүрдүүлж, албан тушаал ахих, урамшуулал авах боломжийг нь хаана хэмээн шантаажилдаг байсан байна.
Бэлгийн дарамтаас гадна арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэл удаа дараа гарч байсныг хохирогч онцолжээ.
Хайдини түүнийг "бор хүү", "араб тоглоом" зэргээр доромжилж, хувийн банкны данс руу нь хууль бусаар нэвтэрч хаашаа явж байгааг нь мөрдөн мөшгөдөг байсан хэмээн буруутгагдаж байгаа юм. Энэхүү хэрэгт хоёр гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний нэг нь 2024 оны есдүгээр сард Хайдиниг Ранагийн гэрт нүцгэн байхыг харсан төдийгүй гурвуулаа бэлгийн харилцаанд орохыг шаардаж байсан гэдгийг нотолсон байна.
Харин хариуцагч Лорна Хайдини болон түүний өмгөөлөгчид эдгээр бүх мэдээллийг эрс үгүйсгэж, зохиомол түүх хэмээн тайлбарлаж байна. "JPMorgan Chase" банкны зүгээс дотоод хяналт шалгалт явуулсан боловч нэхэмжлэгчийн үгийг нотлох баримт олдоогүй гэж мэдэгджээ. Мөн Ранаг мөрдөн байцаалтын явцад хамтран ажиллахаас татгалзсан, Хайдини түүний шууд удирдлага байгаагүй тул урамшуулалд нь нөлөөлөх боломжгүй байсан гэх тайлбарыг өгсөн байна. Рана 2025 оны тавдугаар сард банкандаа албан ёсоор гомдол гаргасны дараа байгууллагын систем рүү нэвтрэх эрхийг нь хааж, албадан амраасан нь өшөө авалт байсан гэж тэрээр үзэж байгаа юм.
Одоогоор Чираю Рана сэтгэл санааны хүнд нөхцөлд байгаагийн улмаас ажил олж чадахгүй байгаа бөгөөд банкны зүгээс санал болгосон 1 сая ам.долларын эвлэрлийн гэрээнээс татгалзаж, 11.7 сая ам.долларын нөхөн төлбөр шаардаж байна.
Харин Лорна Хайдини олон нийтийн сүлжээн дэх хаягуудаа устгасан ч тус банкинд үргэлжлүүлэн ажилласаар байгаа юм. Нью-Йорк мужийн Дээд шүүх талуудын хууль эрх зүйн мэтгэлцээнийг 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр товлосон бөгөөд энэхүү шүүх хурал нь Уолл Стритийн томоохон компаниудын дотоод соёл, ёс зүйн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.