Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна

Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод “Шинэ тойрог зам” байгуулах ажлыг баталж, Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замын төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан.

Нэгдүгээр тойрог зам төслийг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ бүрэн боловсруулагджээ. Одоогоор зураг төсөл, худалдан авалт болон зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлыг санхүүжилтийн хамт хэрэгжүүлэх /EPC+F/ тендерийг 2026 оны 4 дүгээр сарын 23-нд дахин зарлаж 5 дугаар сарын сарын 20-нд нээнэ.

Тус зам нь нийт 24.79 км урттай бөгөөд хотын урд болон хойд бүсийг холбох юм. Газарзүйн онцлогоос шалтгаалан гүүр, туннелийн хосолсон шийдэлтэй байхаар төлөвлөсөн. Мөн туслах зам, нийтийн тээврийн тусгай эгнээ, явган болон дугуйн зам, ногоон байгууламж, инженерийн иж бүрэн шугам сүлжээ бүхий орчин үеийн авто замын сүлжээг байгуулахаар төлөвлөж байна.

Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор дуу чимээний бохирдол 25 хувиар буурах бөгөөд хөрсний элэгдлийн хэмжээ 40.2 дахин буурах юм.


Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр хотын замын хөдөлгөөний системийн багтаамж 20-25 хувиар нэмэгдэж, иргэдийн зорчих хугацаа 30 хувиар буурах аж. Үүнээс гадна төвийн бүсийн түгжрэл 15-25 хувиар багасаж, зам тээврийн ослын тоо 30 хувиар буурахаар тооцоолжээ.

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах хүрээнд 256.4 мянган ам метр ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь одоогийн ногоон байгууламжийн хэмжээг 16.6 дахин нэмэгдүүлэх юм.

Мөн авто замын дагуу инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ байгуулснаар тухайн бүсүүдэд дахин төлөвлөлт хийх, гэр хорооллыг орон сууцжуулах, барилгажуулах боломж бүрдэхээс гадна хотын төвлөрлийг сааруулах ач холбогдолтой гэж үзэж байна.

Тойрог замуудын гол зорилго нь хотын төв рүү чиглэсэн замын ачааллыг тараах, дагуул бүсүүдийн холболтыг сайжруулах, хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулахад оршиж байна. Дэлхийн олон хотын жишгээр тойрог зам нь түгжрэлийг бууруулах хамгийн эхний бөгөөд томоохон шийдлүүдийн нэг болдог. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.