🔴С.Эрдэнэболд: АН-ын гал тогоог хариуцах хүн таван шаардлага хангасан байх ёстой
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдааны өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Өнөөдөр болох хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэж, намын дотоод үйл ажиллагаа болон сонгуультай холбоотой таван чухал журмыг батална. Эдгээр журамд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах, Хяналтын ерөнхий хороо болон Үндэсний бодлогын хорооны ажиллах журам, мөн 2028 он болон цаашдын төрийн сонгуульд нэр дэвшигчдийг шалгаруулах журам багтсан. Ингэснээр сонгууль дөхсөн үед хүний нөөцийн асуудал ойлгомжгүй болох, аль нэг даргын үзэмжээр шийдвэр гаргахаас сэргийлнэ.
Хуралдаанаар намын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд таван дэд даргын нэрийг оруулж ирж батлуулна. Эдийн засгийн бодлого, эрх зүй, стратеги, хүний нөөц хөгжил, гадаад харилцаа гэсэн чиглэлүүдийг хариуцан ажиллна. Харин намын Ерөнхий нарийн бичгийн даргын тухайд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-нд Улс төрийн зөвлөлөөс С.Баярцогтыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд түүнийг жинхлэх эсвэл өөр хүн нэр дэвшүүлэх эрх нь намын даргад нээлттэй байгаа.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох хүн таван шалгуурыг хангасан байх ёстой. Нэгдүгээрт, намын эв нэгдлийг хангаж, гадна дотоодын нөлөөллөөс ангид байж, ҮБХ-ны 378 гишүүн болон УИХ дахь 42 гишүүнтэй бүлэгтэйгээ тулж ажиллах чадвартай менежер байх. Хоёрдугаарт, улс орны эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, намын үзэл баримтлалд тулгуурлан бодлого зангидах стратегийн тоглогч байх. Гуравдугаарт, хүний эрх, эрх зүйн өндөр мэдлэг мэдрэмжтэй байж, парламентын сөрөг хүчний үйл ажиллагааг бодлогоор дэмжих. Дөрөвдүгээрт, аливаа бүлэглэлийн явцуу эрх ашигт үйлчлэхгүй, зарчимч бөгөөд шазруун зантай байх. Тавдугаарт, өнгөрсөнтэй зууралдах бус ирээдүй рүү тэмүүлсэн улс төрийн зоригтой үйлдэл гаргагч байх ёстой.
Энэ удаагийн ҮБХ-ны хурлыг удирдах гурван тэргүүлэгчийн нэгээр сонгогдсон учраас хэн нэгний нэр устай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлэх, гишүүдийн сонголт хийх эрхэд нөлөөлөх нь ёс зүйгүй үйлдэл.
Гэхдээ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн 75 хувь нь 40-өөс доош насны залуучууд болж маш их залуужсан. Асуудалд туйлшралгүйгээр ахмад, дунд, залуу үеийнхэн болон нийгмийн бүх төлөөллийн тэгш эрхийг хангаж, туршлага, эрч хүчийг хослуулан ажиллах нь чухал гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.