УБЗЗАГ-ын дарга, ерөнхий нягтлан бодогч нарыг мөнгө угаасан хэрэгт шалгаж эхлэв

УБЗЗАГ-ын дарга, ерөнхий нягтлан бодогч нарыг мөнгө угаасан хэрэгт шалгаж эхлэв

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар (УБЗЗАГ)-ын орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн дарга Б.Галхүү, Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Н.Лхагвасүрэн нарыг ЭЦА-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд зам засвар, арчлалтын ажил хийж гүйцэтгэдэг тус газраас 2024-2025 оны хооронд замын тэмдэг тэмдэглэгээний зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн ч компанийн дансанд холбогдох хууль тогтоомж зөрчин, санхүүгийн анхан шатны баримтын бүрдүүлэлгүйгээр, ажил үйлчилгээ худалдан авсан гэх нэрээр нийт 8.7 тэрбум төгрөг шилжүүлсэн аж. Энэ нь татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан холбогдох санхүүгийн шалгалт, шинжээчдийн дүгнэлтээр батлагдаад буй учраас дээрх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

УБЗЗАГ-ын дарга Б.Галхүү, Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Н.Лхагвасүрэн нар дөрвөн аж ахуйн нэгжид шилжүүлсэн мөнгөнөөсөө өөрсдийн хамаарал бүхий иргэдийн дансаар буцаан авах замаар хөрөнгө завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тэдэнд Эрүүгийн хуулийн 18.6-1-ийн мөнгө угаасан, 22.1-1 дүгээр зүйлийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд прокурорын байгууллагаас тогтоосон харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэх гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.