Түүхэн дэх хамгийн хурдан өсөлттэй стартап компаниар Lovable тодроод байна
Шведийн хиймэл оюун ухааны "Lovable" стартапын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Антон Осика түүхэн дэх хамгийн хурдан өсөлттэй програм хангамжийн компанийг бүтээж, дэлхийн технологийн салбарын анхаарлын төвд байна. Тус компани ердөө найман сарын дотор 100 сая ам.долларын тогтмол орлоготой болж, нэг хүрэхгүй жилийн хугацаанд энэ үзүүлэлтээ 200 сая ам.долларт хүргэснээр 6.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж эхэлжээ.
CNN агентлаг түүний энэхүү огцом өсөлт болон цаашдын сорилтуудын талаар онцлон нийтэлсэн байна.
Компанийн хувьд зөвхөн текст болон дуу хоолойгоор програм бичдэг чиг хандлагаас илүү өргөн хүрээнд тэлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд тэд гар утасны аппликейшнээ Apple App Store болон Google Play дээр албан ёсоор танилцууллаа. Мөн хэрэглэгчдийнхээ бүтээсэн анхан шатны загваруудыг бодит хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд Jira, Linear, Notion, Miro зэрэг байгууллагын түвшний хэрэгслүүдтэй гүнзгий интеграци хийснээ зарласан юм.
Антон Осика үйл ажиллагаагаа АНУ-ын зах зээлд эрчимтэй тэлж, Бостон болон Сан-Франциско хотуудад шинэ оффисоо нээгээд байна. Түүнчлэн хурдацтай өсөлтөө дэмжих шилдэг боловсон хүчнийг татах зорилгоор Бостон хотноо Харвард болон Массачусетсийн Технологийн Институтийн оюутнуудын дунд томоохон хакатон тэмцээнийг амжилттай зохион байгуулжээ.
Гэсэн хэдий ч энэхүү асар хурдтай өсөлтийн цаана хэд хэдэн томоохон сорилт тулгарч байна.
Өрсөлдөгчид зах зээлд хүч түрэн орж ирж байгаа нь орлогын өсөлтөө тогтвортой хадгалах эсэхэд эргэлзээ төрүүлж эхлэв. Мөн мэргэжлийн бус хүмүүсийн хиймэл оюун ухаанаар бичүүлсэн кодод аюулгүй байдлын цоорхой үүсэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Үүнээс гадна OpenAI болон Anthropic компаниудын суурь загвараас хэт хамааралтай байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд өөрсдийн бие даасан системийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа гүйцэтгэх захирал цухуйлгасан юм.
Эдгээр асуултын хариуг Антон Осика удахгүй болох "SaaStr AI Annual 2026" арга хэмжээний үеэр өгөх төлөвтэй байна. Тэрээр "Найман сая хүн ганц өгүүлбэрээр програм хангамж бүтээх үед юу болох вэ" сэдвээр илтгэл тавих бөгөөд энэ нь технологийн салбарынхны анхаарлыг ихээхэн татаж байна. Тус платформын хэрэглээ масс зах зээлд нэвтрэхийн хэрээр хиймэл оюун ухаанд суурилсан програм хөгжүүлэлтийн ирээдүй хэрхэн өөрчлөгдөх нь тун удахгүй тодорхой болох юм.
Эх сурвалж:
• mexc.com
• time.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.