Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг тавдугаар сард хийнэ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг тавдугаар сард хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонсож, хуулийн төслийг хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн батлах чиглэлд ажлаа шуурхайлахыг үүрэг чиглэл болголоо. 

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг 2025 оны 1дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, Улсын Их хурлын даргын 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн захирамжаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

b1056dab5bef4085bfac7f3171adbe70

2ccb5a082532424fbd2a2fdf3af33b4f

Уг ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, ажлын хэсгийн дэд ахлагчаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Л.Мөнхбаясгалан, гишүүдэд УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ж.Алдаржавхлан, Б.Баярбаатар, Д.Ганмаа, Б.Жаргалан, С.Одонтуяа, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Х.Баасанжаргал, Г.Хосбаяр нарын нийт 18 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуулийг батлагдсанаас хойш буюу 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа өргөн хүрээтэй болсон бөгөөд үүнээс үүсэх үр дагаврын асуудлыг төдийлөн нарийвчлан зохицуулаагүй байсан. Тийм учраас шинэчилсэн найруулгын төслөөр гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг сайжруулах, гэр бүлийн  харилцаанд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилготой юм. 

Тодруулбал, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулна.

Хуулийн төсөл батлагдсанаар гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх, үүрэг, гэрлэлттэй адилтгах харилцаа, гэрлэлтийн гэрээ, тэжээн тэтгэх гэрээ, тэжээн тэтгэх, тэтгэлэг тогтоолгох, хүүхэд үрчлэхтэй холбоотой харилцаа, асран хамгаалалт, харгалзан дэмжигч тогтоох, асралт гэр бүлд шилжүүлэх харилцаа, хүйсээ солиулсны улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхийн асуудал, түүнээс үүсэх үр дагавар, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах харилцааг нарийвчлан зохицуулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

d5b08b50fff1402a807629ce962dd8d7

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагуудаас хуулийн төслийн талаар саналыг авч, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах зэргээр иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын байр суурийг сонсож, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлжээ.

Улсын Их Хурлын дарга 1999 оноос хойш дөрвөн удаагийн парламент дамжсан боловч батлагдаж чадаагүй Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг тавдугаар сард байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэн хангаж ажиллаж, цаашлаад энэ хаврын чуулганаар хуулийн төслийг батлах зорилготой ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж, ажлын хэсэгт ажлаа шуурхайлах үүрэг чиглэлийг өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.