Н.Ганибал: АН-ын дунд шатны намын дарга нарт хариуцлага тооцох асуудал яригдана

Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалтын дүнтэй холбоотойгоор Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал мэдээлэл хийлээ. МАН 14 аймагт ялалт байгуулсан бол 7 аймагт АН ялалт байгуулаад байна. Харин МАН НИТХ-ын 40 суудлыг авч, АН тавд нь ялалт байгуулсан юм.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал:

-Өнөөдрийн сонгуульд АН амжилттай оролцлоо. Аймгуудын тухайд 21 аймгаас найман аймагт ялаад байгаа. Гурван аймагт маргаантай байна. Хуулийн маргаантай асуудлууд гарсан учир дахин тооллого хийх магадлалтай.

Нийслэлд нэг дүүрэгт ялсан. Нэг дүүрэгт нэг хүний зөрүүтэй ялагдсан. Ерөнхийдөө нийслэлд ялагдал хүлээжээ. Аймгуудаас сонгуулийн хорооноос түрүүлээд намынхан маань мэдээлэл өгч байна. Энэ нь төөрөгдөл үүсгэж байгаа учраас гурван аймагт маргааныг эцэслэн шийдэгдтэл хүлээж байна. Гар тооллого руу орсон.

Нийслэлийн ялагдлын хувьд олон намаас олон нэр дэвшигчид дэвшсэнээс нэлээд нөлөөлөл үүслээ. Зөвхөн Багануур дүүрэгт АН бусад намуудтай нэгдэж орсон. Харамсалтай нь нэг хүний зөрүүтэй ялагдлаа. 12:13 гэсэн харьцаатай гарсан.

Цаашид нийслэлд ардчиллын чиг баримжаатай намууд нэгдэж орох юм бол МАН-ыг ялах боломж харагдаж байна гэдгийг онцлоод хэлье.

Монгол Улсын 330 сумаас одоогийн байдлаар АН 150 сумд ялалт байгуулаад байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.