- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, нийслэлийн өмчийн Хангарди ордныг газар эзэмших эрхийн хамт Улсын дээд шүүхэд шилжүүлэх шийдвэрийг холбогдох байгууллага гаргасан. Тус барилга болон тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хангамжийн материал зэрэг төрийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг нийт 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлсэн байна.
Хангарди ордон болон газрын хөндлөнгийн үнэлгээг өмнө нь хоёр удаа хийлгэж байсан. Тухайлбал, НИТХ-ын шийдвэрийн 2018 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар захиалга өгч үнэлүүлэхэд барилга болон газрыг нийтэд нь 43 тэрбум 423.3 сая төгрөгөөр үнэлж байсан. Харин 2022 онд хийсэн үнэлгээгээр тус барилгыг 77 тэрбум 745.4 сая төгрөг, газрыг 2 тэрбум 105.6 тэрбум төгрөгөөр үнэлж байжээ.
Ийнхүү хоёр ч удаагийн хөндлөнгийн үнэлгээний дүнгээс хамаагүй бага буюу 13.7 тэрбум төгрөгөөр Хангарди ордныг үнэлж, төрийн өмчид шилжүүлж байгаа асуудлыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тодруулж асуун, байр сууриа илэрхийллээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Яагаад шинэчилсэн үнэлгээг балансад тооцохгүй байна вэ. Барилга анх ашиглалтад орсон 2008 оны үнэлгээгээр тооцож явсаар байх юм уу. Хотын захиргааг нүүлгэх шийдвэр гарснаас хойш Хангарди ордныг дуудлага худалдаагаар худалдах тухай асуудлыг жил бүрийн нийслэлийн төсвийн үеэр хэлэлцдэг байсан. Тухай бүрд ч гэсэн арай өөр дүн тавьдаг. Хөндлөнгийн байгууллагууд үнэлэхдээ бараг 80 орчим тэрбумаар үнэлгээг тогтоож байхад бид төрийн өмч хамгийн багаар үнэлэгдэнэ гэсэн хандлагатай байж болохгүй. Ямар зорилготой ийм шийдвэр гаргаад байгааг ойлгохгүй байна. Энэ асуудлыг би Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаан дээр хөндөж тавина…” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын 1 дүгээр орлогч Н.Мандуул мөн нийслэлийн хөрөнгийн үнэлгээг дахин авч үзэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд Нийслэлийн ИТХ-ын даргатай санал нэг байгаагаа илэрхийлэв. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн, эцсийн шийдвэрийг гаргана.
Баянгол дүүрэгт 16 байршлын 2.71 га газрыг нийтийн эдэлбэр болгож авна
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэв.
Нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэр дэх гараашуудыг чөлөөлсөн. Уг чөлөөлөлт хийгдсэн газар болон бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газруудыг судалж, Нийслэлийн 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтийн эдэлбэр газарт авахаар тусгасан.
Тэгвэл энэхүү өөрчлөлтөөр Баянгол дүүргийн 16 байршлын 2.71 га газар, Баянзүрх дүүрэгт 1 байршилд 0.42 га, Сонгинохайрхан дүүрэгт 4 байршлын 2.06 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авахаар боловсруулжээ.
Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “...Нийтийн эдэлбэрт бүртгэж баталгаажуулсан газруудыг буцаан олгосон явдал мэр сэр гарсан. Энд зөвхөн нийтийн эзэмшлийн авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэргээр тохижуулах ажлыг баталгаажуулах хэрэгтэй. Хаана чөлөөлөгдсөн газар байна, тэнд оршин сууж буй иргэдийн хяналтыг сайн сонсох хэрэгтэй. Чөлөөлөгдсөн байршлуудыг харахаар дандаа хотхон хорооллын оршин суугчид болон СӨХ-д хяналтаа тавих боломжтой газрууд байдаг.
Тухайлбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороон дахь 71 дүгээр байрны урд талын газрыг нийтийн эдэлбэр газарт авахаар болж байгаа. Энэ газрыг зориулалтын дагуу буюу цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбайгаас өөрөөр ашиглуулахгүй байх маш сайн хяналтыг иргэд өөрсдөө хийж чадна. Бүрд 39 байрны СӨХ-ны урд талын газар ч мөн адил. Тиймээс газрын алба иргэдээс энэ чиглэлийн дэмжлэгийг авч, хамтын ажиллагааг зохион байгуулж ажиллаарай гэв.
Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр Нийслэлийн газрын алба дотоод бүртгэл, хяналтын системдээ нийтийн эдэлбэрт бүртгэж авсан газрыг зориулалтын бусаар ашиглах боломжгүй байдлаар оруулахыг зөвлөв. Энэхүү асуудлыг мөн НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар хэлэлцэн батална.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.