СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-21

🔴 “Ногоон автобус“-ны худалдан авах ажиллагааг хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол эхэллээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 сарын өмнө

"Ногоон" автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх Түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр болж байна.

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар ажиллаж байна.

Сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр сонсголын үйл ажиллагаа эхлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сонсголыг даргалсан бөгөөд нээж үг хэлсэн юм.

Энэ удаагийн Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр өдрийн турш Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан; Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт; Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны нөхцөл байдлын талаар гэсэн гурван багц сэдвийн хүрээнд нээлттэй сонсгол явуулахаар төлөвлөжээ. 

Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал сонсголын явцад тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах боломжтой бөгөөд Хянан шалгах түр хорооны гишүүн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг гаргаж тавих, үүнтэй холбогдуулан нэмэлт асуулт асуух, эсхүл давтан асуух эрхтэй гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Сонсголоор эхлээд “Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан” сэдвийн хүрээнд Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл; Нийтийн тээврийн автобус худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдлын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна хэмээн тэрбээр танилцуулсан юм.

Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл сэдвийн хүрээнд 14 гэрч дуудагдсан бөгөөд үүнээс 3 гэрч эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн бол оролцохоо илэрхийлсэн ч ирээгүй 4 гэрч,  2 гэрчтэй холбоо барьж чадаагүй аж.

Иймд Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж эхэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.