Хамасын цэргийн командлагч Мухаммед Аль-Дейф Израилийн эсрэг бүх нийтийн бослого гаргахыг уриалав

Палестины зэвсэгт хүчний Хамас хөдөлгөөн буюу газын босогчид өчигдөр /2023.10.07/ Израилийн нутаг дэвсгэр рүү Газын зурвасаас нэгэн зэрэг 5000 орчим пуужингийн цохилт өгч, зэвсэгт этгээдүүдийг илгээсний дараа Изралийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдэл хийж "Израилийн иргэд ээ, бид дайны байдалд байна. Цэргийн ажиллагаа биш, довтолгоо биш, дайны байдалд байна" гэжээ. 

Газын зурвасыг удирддаг Палестины зэвсэгт хүчний Хамас хөдөлгөөн пуужингийн довтолгоог өдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Пуужингийн анхны цохилтоос хойш дор хаяж гурван цагийн турш агаарын довтолгооноос хамгаалах дохиолол дуугарчээ. Иерусалим дахь "CNN"-ийн сурвалжлах багууд ч пуужингийн сэрэмжлүүлгийн дохиог сонссон байна. Эхний ээлжин пуужингуудыг Бямба гаригийн өглөө 06:30 цагт харважээ.

Хамасын цэргийн командлагч Мухаммед Аль-Дейф "Израилийн эсрэг бүх нийтийн бослого гаргахыг уриалж байна. Хэрэв танд буу байгаа бол түүнээ гарга. Ачааны машин, сүхээ ч гарга, одоо ашиглах цаг нь. Өнөөдрөөс түүх эхэлж байна. Израиль руу хийсэн довтолгоо нь Аль-Аксаг гутаан доромжилсны хариу үйлдэл" гэв.  

Израилийн эрх баригчид Газын зурвасын ойролцоо амьдардаг иргэдийг гэрээсээ гарахгүй байх, эсвэл хоргодох байранд орохыг зөвлөж байна. Олон хүн шархдаж гэмтсэнтэй холбоотойгоор Тел-Авив хотод цус хандивлах тусгай аян зохион байгуулж байна. 

000 15Q3A2 e1528459112332 1024x640

2023.10.07 16:00...

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Батлан ​​хамгаалах хүчин (IDF) ХАМАС бүлэглэлийн байгууламжуудад хариу цохилт өгөх тул Газын зурвасаас гарч явахыг энгийн иргэдэд хандан уриалжээ. Тэрбээр, Израилын төлөө, манай иргэдийн төлөө ХАМАС-аас өшөөгөө авах дайнд бид ялна. ХАМАС-ын үйл ажиллагаа явуулдаг бүх газрыг бид балгас болгон хувиргана. Газын зурваст амьдарч буй иргэдийг яг одоо тэндээс гар гэж хэлье, учир нь бид удахгүй Газын зурвасын бүх хэсэгт цохилт өгнө гэсэн байна.

Израиль дайны байдалд шилжсэнтэй холбоотойгоор агаарын тээврийн компаниуд нислэгүүдээ цуцалжээ. Бямба гаригийн байдлаар Тель-Авив хотын ойролцоо орших Бэн Гурион олон улсын нисэх буудлын нислэгүүдийн 16 хувь нь цуцлагдаж, 23 хувь нь хойшиллоо.

Мөн Израиль руу чиглэсэн зарим нислэгийг дэлхийн бусад улс руу шилжүүлэв. Тухайлбал, "United Airlines"-ийн 954 дүгээр нислэг Баасан гаригт Сан Францискогоос хөөрсөн боловч Израильд буулгүй Грийнланд руу нисчээ. Нислэг буцаад Сан Франциског зорих төлөвтэй байна.

Германы "Lufthansa Group Airlines" компани Тель-Авиваас Франкфурт руу нислэгтэй байсан ч цуцалжээ. "Swiss Air", "Austrian Airlines", "Delta Air Lines",  "American Airlines" болон "Turkish Airlines" компаниуд ч мөн нислэгээ цуцлав. 

Өчигдөр оройн байдлаар халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 250-д хүрч, 1452 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай Израилын тал мэдэгдлээ.

0d030c10 65ba 11ee a0c8 ab8a89e71afa

2023.10.08 10:00...

Израилийн Батлан ​​хамгаалах хүчний IDF-ийн хэвлэлийн алба их бууны цохилт, агаарын бөмбөгдөлтөөс өөрсдийгөө хамгаалахын тулд хоргодох байранд орохыг Газын зурвасын оршин суугчдад хандан араб хэлээр уриалжээ. 

Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч Авихай Адрай мөн өөрсдийн аюулгүй байдлын үүднээс "оршин суугаа газраа нэн даруй орхих хэрэгтэй" гэж араб хэлээр анхааруулж "ХАМАС-ын дайралтын улмаас Израилын зэвсэгт хүчин тус бүлэглэлийн байрлалууд руу цэргийн  ажиллагаа явуулах боллоо" гэжээ.

IDF-ийн сөнөөгч онгоцууд Хамас бүлэглэлийн "тагнуулын албаны “ барилгуудад цохилт өгсөн байна. Энэ тухай IDF -ийн хэвлэлийн алба "Хэсэг хугацааны өмнө Израилийн зэвсэгт хүчний сөнөөгч онгоцууд террорист Хамас бүлэглэлийн тагнуулын албаны  байр руу цохилт өглөө. Одоогийн байдлаар Израилийн арми Газын зурвас дахь террористуудын объектуудад цохилт өгсөөр байна" гэжээ.

Израилийн арми Палестины дайчидтай найман байршилд тулалдаж байна. Эдгээр нь Сдерот, Яхини, Кфар Аза, Суфа, Беери, Киббутц Реим, Киссуфим, Зиким гэдэг стратегийн чухал байршлууд юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.