- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
“Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг”(МХНН)-ээс 2023 оны 9 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд Улаанбаатар, Дорнод, Архангай аймагт “Монгол, Хятадын Найрамдлын өдрүүд” уламжлалт арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Энэ арга хэмжээг угтуулан 9 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, МХНН, Олон улс судлалын хүрээлэнгээс хамтран “Бүс ба Зам санаачилгын 10 жил: Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Гадаад харилцааны яаманд хийнэ.
Найрамдлын өдрүүдийн нээлтийн ёслол 2023 оны 9 дүгээр сарын 25-ны 10.00 цагт Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд болно. Энэ удаагийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын Төвдийн Өөртөө Засах Орон, Ляонин мужийн удирдлага, төлөөлөл хүрэлцэн ирэх бөгөөд Ляонин мужийн дуу, бүжгийн хамтлаг тоглоно.
Дээрх өдрүүдэд Улаанбаатарт “Хятадын байгалийн үзэмж ба хөгжил дэвшил”, Чойбалсан хотод Ляонин муж, Цэцэрлэг хотод Хармөрөн мужийн тухай гэрэл зургийн үзэсгэлэн тус тус зохион байгуулна.
Түүнчлэн Гадаад харилцааны яам, Стратеги судлалын хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэнтэй хамтран “Монгол, Хятадын харилцаа, хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг, ярилцлагыг Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз болон Радиогоор зохион явуулна.
Мөн эдгээр өдөрт Хятадын орчин цагийн хөгжил, дэвшлийн тухай баримтат кинонуудыг телевизийн сувгуудаар олон нийтэд хүргэх юм.
Зохиолч, сэтгүүлч, судлаачид, сонирхогчдын дунд "Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр" сэдэвт шилдэг нийтлэлийн уралдаан зарлагдсан бөгөөд шалгарсан бүтээлийн зохиогчдод тусгай шагнал олгож, БНХАУ-д аялуулахаар төлөвлөж байна.
Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Хүслийн өргөө” ерөнхий боловсролын сургуулийг Монгол, Хятадын найрамдлын нэрэмжит сургууль болгох ёслолын үйл ажиллагаа болно. Уг сургууль нь МХНН-ийн анхны хүндэт гишүүн байгууллага аж.
Энэ жилийн “Монгол, Хятадын найрамдлын өдрүүд”-ийн үйл ажиллагаанд БНХАУ-ын Төвдийн Өөртөө Засах Орон, Ляонин мужийн хүндэт зочид, соёл, урлагийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байгаа нь уг арга хэмжээний агуулга, хүрээг өргөтгөж буй онцлогтой байна.
Жил бүрийн уламжлалт “Монгол, Хятадын найрамдлын өдрүүд” нь найрамдалт хоёр орны соёл, хүмүүнлэгийн салбар, орон нутгийн харилцаа хийгээд ардын дипломатын үйл ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар ард түмний хоорондын харилцан танин мэдэхүй, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, бэхжүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа болно.
МХНН нь энэ онд 65 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монгол, Хятадын харилцааны хүрээн дэхь ууган байгууллага юм хэмээн Монгол-Хятадын найрамдалын нийгэмлэгээс мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.