СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-05-19

🔴 LIVE: Л.Энх-Амгалан: БЗС-гийн мэдээллийг улс төрийн зорилгоор зориуд буруу ташаа тарааж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

"Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн мэдээллийг улс төрийн зорилгоор зориуд буруу ташаа тарааж байна" хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрбээр "1.2 сая хүүхэд боловсролын зээлээр сурсан байгаагаас гадаадад сурсан 3000 хүний мэдээллийг улс төржүүлж, зориуд ташаа мэдээлж байна" гэв. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: 

-Өнөөдрийг хүртэл 1997 оноос Боловсролын зээлийн сангаас 1 их наяд төгрөгийг оюутнуудын зээлд зарцуулсан. Иргэдийн бухимдаж байгаа асуудал бол дарга нарын мэдээлэлд ойр байгаа хүмүүсийн хүүхдүүд зээл авдаг гэсэн буруу ташаа мэдээллийг залруулмаар байна.

Энэ мэдээлэл бүх иргэнд ил тод байгаа. Ил тод байгаа мэдээллийг улс төрийн зорилгоор, улс төрд тодрох зорилгоор иргэн О.Батнайрамдал иргэний хувьд энэ мэдээллийг хийсэн болов уу гэж бодож байна. 

О.Батнайрамдал бол МАН-ын нарийн бичгийн дарга гэх хариуцлагатай албан тушаал хашиж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш үйл ажиллагааг бүдгэрүүлж, ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж байгаад харамсаж байна.

Иргэн О.Батнайрамдлын хийсэн мэдээллээр бол Боловсролын сангаас олгогдсон зээлийн 99 хувь нь эргэн төлөгдөөгүй, 90 хувь нь эрх мэдэлтнүүд болон мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд уг зээлийг авсан гэх буруу ташаа мэдээлэл өгсөн. 

.

БЗС-аас гадаад суралцахаар зээл авахад үл хөдлөх хөрөнгөөр баталгааждаг. Одоогийн байдлаар БЗС-д 123 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 1244 барьцаа хөрөнгө байна. Бүх зээл авсан хүний зээлийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд мэдээлж байгаа.

Зээлүүдийг хууль бусаар тэглээгүй, УИХ-аас баталсан таван хууль тогтоомжийн хүрээнд гэрээний үүргийг биелүүлсэн хүүхдүүдийн зээлийг тэглэсэн 

Иргэн О.Батнайрамдал мэдээлэл хийхдээ УИХ-аас зээл чөлөөлөхтэй холбоотой ямар нэгэн журам гараагүй тул үе үеийн сайд нарын хийсэн зээл чөлөөлөлт "бүгд хууль бус" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Тодруулбал, Иргэний хууль, Дээд болосролын санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоол, 2022 оны 346 дугаар тогтоолуудын хүрээнд гэрээнийхээ үүргийг гүйцэтгэсэн хүүхдүүдийн зээлийг чөлөөлсөн.

О.Батнайрамдалын үйлдэл бол улстөрд тодрох гэсэн нялхсын өвчин 

О.Батнайрамдал сайд нарыг хууль бусаар зээлийг чөлөөлсөн гэж мэдэгдсэн нь худлаа. Сайд нар ямар үндэслэлээр зээлүүдийг чөлөөлсөн талаарх мэдээлэл ил бий. Танилцах боломжтой. . Харамсалтай байна. Бүх мэдээлэл шилэн болсон. Шилэн мэдээллийг улс төрийн зорилгоор ашиглах нь буруу. Хоёр жишээ дурдъя.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүү зээл авсан нь үнэн. Хиймэл оюун ухаанаар суралцаж ирээд энэ чиглэлээрээ ажиллаад нийгмийн даатгалаа төлөөд зээлээсээ чөлөөлөгдсөн.

. Тэтгэлэг гэдэг бол олон улсын олимпиадад тэнцсэн сургуульд нь шууд явуулдаг зохицуулалттай. Тиймээс ард иргэдийг зөв ойлгоосой гэж хүсэж байна. Аав ээж нь хэн байхаас үл шалтгаалан дэлхийн шилдэг 100 сургуульд тэнцэнэ гэдэг амар биш шүү дээ гэлээ.

Үүний дараа Л.Энх-Амгалан сайд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Чөлөөлөлтийн хувьд 2008 онд тогтоол батлагдаад 2012 онд өөр нэг тогтоолоор хүчингүй болгосон. Гэтэл одоо болтол тогтоолын дагуу чөлөөлөөд байна гэх юм. Энэ ямар учиртай вэ?

-Таван хууль, тогтоолыг үндэслэж байгааг дурдсан. Энэ хууль тогтоолд салбарын сайдад чөлөөлөх эрхийг өгсөн. Дээрх тогтоолуудыг байхгүй юм шиг О.Батнайрамдал мэдээлэл хийсэн.

-Анх зээлийг санхүүгийн боломжгүй хүүхдүүдэд өгөхөөр байсан. Тэгсэн хэрнээ одоо нөхцөл байдал өөр байна?

-Тэр хүүхэд шударгаар сонгогдсон уу, ар өврийн хаалгаар явсан уу гэдэг нь чухал. Чөлөөлсөн 867 хүүхэд бий. Тэд улсдаа ирээд ажиллаад нийгмийн даатгалаа төлөөд чөлөөлөгдсөн үү, арын хаалгаар чөлөөлөгдсөн үү гэдгийг тодорхой болгох ёстой.

-БЗС-ийн гэрээнүүд устгасан асуудал гарсныг БЗС-ийн захирал хэлсэн. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?

-Яамнаас ёс зүйн зөрчлөөр тушаал буурч ажиллаж байгаа Сийлэгмаа, Пүрэвсүрэн нар өс хонзон санаж санаатайгаар бүх юмыг сэвж байна. Сийлэгмаа БЗС-аас хард дискэнд мэдээллийг хуулж авсан. Нийт сүүлийн хоёр жилийн мэдээллийг аваад компьютерээсээ устгасан. Хууль хяналтын байгууллагад хандсан ч хэрэгсэхгүй болгосон. БЗС-ийн архиваас энэ мэдээлэл устсан байж болох ч яамны архиваас бол устаагүй.

-Таны төрсөн дүү бас БЗС-аас зээл авч суралцсан юм байна лээ?

-Миний төрсөн дүү юм байна лээ. 2004 онд ОХУ-ын цагдаагийн академид явсан юм байна лээ. Тэгээд би одоо яах вэ. 2004 онд би бизнес эрхлэгч хүн байсан. Манай дүү 12 мянган долларын зээлээр суралцсан. Өнөөдөр Булган аймгийн цагдаагийн дарга хийдэг. Хамгийн гол нь хууль зөрчсөн үү, үгүй юү гэдэг нь чухал.

-5, 6 тэрбумын хөрөнгөтэй байж улсаас сургалтын төлбөрөө авах нь зөв юм уу?

-Буруу. Бид өнөөдөр бүх журмуудаа өөрчилж байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.