Сайд Т.Аюурсайханыг тодорхой хүнтэй уулзахыг хориглож, хилээр гарахыг хязгаарлажээ
Нүүрсний гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татах санал НПГ-т хүргүүлсэн билээ. Тэрбээр гурав хоногийн өмнө АТГ-т очиж яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцсан бол өнөөдөр /2023.02.06/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Т.Аюурсайханд Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн.
Энэ саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Т.Аюурсайханд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс болон хэргийн оролцогч нарт нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хүнтэй уулзахыг хориглох болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.