? Д.Өнөрболор: Хэрэггүй олон хууль хэлэлцэж суухаар нүүрсний хулгайгаа ярья

УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 

-УИХ-ын үндсэн чиг үүрэг бол чанартай хууль батлах ёстой. Эдийн засаг агшсан энэ үед бидний хариуцлага өндөр байх ёстой. Гэтэл тоо гүйцээх гэж байгаа мэт дутуу дулимаг хууль баталж байгаа нь нийгэм эдийн засгийн дорвитой шинэчлэл хүлээсэн олны хүлээлтэд хүрч чадахгүй байна. Тухайлбал, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар дамжуулан эдийн засагт эерэг нөлөө бий болгох, төсвийн ачааллыг бууруулах зэргийг олонхоор хүч түрсэн байдлаар үндсэндээ үгүй хийлээ. Улс орны нийгэм эдийн засагт онцгой ач холбогдол бүхий олон хуулийг хариуцлагатай хэлэлцэн батлахын оронд эрэмбэ хүлээж болох аар саар асуудалд цаг заваа тун ч их барж сууна.

Тухайлбал, хүний ой тойнд багтахааргүй олон их наядын хохиролтой нүүрсний хулгай, Хөгжлийн банкийг тонож дээрэмдсэн, ЖДҮ-г залгисан, нийгмийн даатгалын сангийн асуудалд УИХ дүр эсгэсэн байдалтай байна. Үр нөлөө муутай иргэдийн амьдрал, хувийн хэвшилд  нэмэр тусгүй, зарим талаараа сөрөг нөлөөтэй зүйлс хэлэлцэж суухын байна. Тиймээс дээрх асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг дуудан ирүүлж, гишүүдэд ил тод мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Нээлттэй сонсгол зохион байгуулахыг шаардаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Д.Өнөрболор гишүүн хурал чуулганд идэвхтэй оролцож бай. Нүүрсний хулгайн асуудлаар Г.Ганбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, шинжээч томилж, ажлын хэсэг хуралдаад, түр журам гараад явж байна. Хөгжлийн банкны асуудлаар Б.Энхбаяр гишүүн мөн түр хороо байгуулж, нээлттэй сонсол зохион байгуулаад ажиллаж байгаа. УИХ-аас гадуур зүйл байхгүй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.