? LIVE: Д.Тогтохсүрэн: Хүүхэд бүрд сар бүр 100,000 төгрөг олгох санхүүжилтийг төсвийн тодотголоор хийнэ
УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо. Тэр нь юу байсан бэ гэхээр ковид-19-ийн нөхцөл байдал, тархалт, нас баралт өндөр байгаа тул ямар ажил хийх гэж буйг сонслоо. Мөн төсвийн тодотгол, Улсын баяр наадамтай холбоотой асуудлаар мэдээлэл сонсож ярилцлаа. Мөн цаашид гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа.
Хоёрдугаарт өнөөдрийн бүлгийн хурлаараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Ц.Мөнх-Оргил гишүүн сүүлийн гурван жилийн турш энэ хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байгаа. Энэ хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн 11 хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шийдлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах хоёр том өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ дур мэдэж баталдаггүй онцлогтой. УИХ, ажил олгогч, хөдөлмөр эрхлэгч, МҮЭХ зэрэг бүх төлөөллийг байлцуулан зөвшилцөж баталдаг. Одоо үйлчилж байгаа Хөдөлмөрийн хуулийг сүүлийн 22 жил мөрдөж байгаа. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдсөн. Энэ хууль батлагдах үед монголын төр хөдөлмөрийн зах зээлийн 80 хувийг дангаар бүрдүүлдэг байсан бол өдгөө 15 хүрэхгүй хувьтай болсон. Монгол Улс чөлөөт зах зээлд шилжсэн учраас хөдөлмөрийн харилцаа маргааныг энэ хууль зохицуулах чадамжгүйд хүрсэн. Энэ хуулийн төсөлд МҮЭ 100 хувь сэтгэл ханамжгүй байгаа, ажил олгогчид ч гэсэн мөн 100 хувь сэтгэл хангалуун байж чадахгүй байгаа. Хэн нэгэн тал нь 100 хувь сэтгэл ханамжтай байвал нөгөө талынх нь саналыг аваагүй гэгдэх болно. Энэ хуулийг бүх талыг оролцуулан харилцан зөвшилцөж, хаврын чуулганаар батлахаар боллоо. Хөдөлмөрийн зах зээл дээр үүсээд байгаа бүх асуудлыг энэ хуулиар зохицуулж чадахгүй. Гэхдээ олон олон асуудлыг шийдвэрлэж чаддаг болно.
-Баяр наадмыг зохион байгуулахаар болсон уу?
-Өнөөдөр хийнэ хийхгүй гэдэг шийдэл гаргаагүй. Энэ жил АХ-ын 100 жил төдийгүй, маш олон аймаг сумдын тэгш ой болж буй учраас энэ асуудлыг нэлээн сайн судалж, баяр наадмын өмнөхөн холбогдох шийдвэрээ гаргана.
-Ковидын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор дахин хатуу хөл тогтоох уу?
-Хатуу хөл хорио тогтоох нь зөв шийдэл биш.
-Төсвийн тодотголыг наадмаас өмнө нь хийнэ гэлээ. Ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Хүүхдийн мөнгө, орон сууцны халаалт, цахилгааны төлбөрийн хөнгөлөлт зэрэг олон асуудал байгаа. Энийг төсвийн тодотголоор шийднэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.