СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Идэр: Намайг биеэ үнэлэгч хөлсөлж авсан мэт ойлгогдохоор дүгнэснийг зөвшөөрөхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 жилийн өмнө

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарыг огцруулах, шүүгч З.Болдбаатарт цалинг зургаан сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол албажиж гарсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай

 Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдааныг Шүүхийн ёс зүйн хорооны дарга Т.Мөнх-Эрдэнэ даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Л.Галбаатар Б.Энхтунгалаг, Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар тус хорооны ажлын албаны ахлах шинжээч Б.Оюунбилэг, хяналт шалгалт хариуцсан референт Ш.Одгэрэл, шүүгч З.Болдбаатар, Х.Идэрийг биечлэн, Д.Отгонбаатарыг цахимаар болон “Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөн” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Л.Отгонбат, “Дархан монгол ногоон нэгдэл” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Даш нарыг биечлэн оролцуулан Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

  Шүүхийн ёс зүйн хорооны 2021.03.22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын хэрэг үүсгэсэн 14 дугаартай тогтоолтой холбогдуулан тус хорооны гишүүн Л.Галбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:  

 Шүүхийн ёс зүйн хорооны 2021.03.22-ны өдрийн 14 дугаартай тогтоолын үндэслэх хэсэгт:

“2021 оны 01-р сарын 20-ны өдөр нэр бүхий шүүгч албан тушаалтнууд архидан согтуурч, биеэ үнэлэгч авч хууль зөрчиж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Доорх нэр бүхий хэсэг хүмүүс Раrk View хотхоны 752-р байрны 270 тоотод цуглан, олон биеэ үнэлэгчдийг дуудаж архидан согтуурч хууль зөрчсөн байна гэх үндэслэлийн хувьд хэрэгт авагдсан материал болон талуудын тайлбараар тухайн өдөр нэр бүхий шүүгч нар уулзаж, архи уусан нь тогтоогдож байна.

    Биеэ үнэлэгчдийг хөлсөлж авсан гэх үндэслэлийн хувьд шүүгч Д.Отгонбаатар “... Дори буюу н.Долгорсүрэнгээр гэртээ хүргүүлсэн” гэх тайлбар, шүүгч З.Болдбаатарын намайг байх хугацаанд 2 эмэгтэй орж ирэхэд би хөөгөөд гаргасан гэх тайлбараар бичлэгт гарсан эмэгтэйчүүдтэй тухайн өдөр уулзсан болох нь тогтоогдож байна.

   Шүүгч нь ард түмний байнгын хяналтанд байдаг тул жирийн иргэний хувьд бэрхшээлтэй байж болох хувийн эрхийг хязгаарласан хэм хэмжээг өөрөө өөртөө тогтоож мөрдөх ёстой бөгөөд эдгээр хязгаарлалтыг өөрөө сайн дураар сахин хэрэгжүүлнэ. Ялангуяа шүүгч нь шүүхийн өндөр нэр хүндэд нийцүүлэн биеэ авч явах үүрэгтэй тул шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Д.Отгонбаатар нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь ... үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, ... мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”, мөн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэснийг тус тус зөрчсөн байх тул шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Д.Отгонбаатар нарт сахилгын хэрэг үүсгэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв” гэжээ.

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд гаргасан гомдолдоо:

“Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр миний бие нь Шүүхийн ёс зүйн хорооны 2021.03.22-ны өдрийн 14 дугаартай тогтоолд дараах гомдлыг гаргаж байна.

Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд “Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөн” төрийн бус байгууллагын дарга Л.Отгонбатаас 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гомдлоор Шүүхийн ёс зүйн хорооноос 2021.03.22-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор “...Х.Идэр нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь ...үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, ...мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”, мөн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэн сахилгын хэрэг үүсгэжээ.

Уг тогтоолын үндэслэх хэсэгт “...биеэ үнэлэгчдийг дуудаж архидан согтуурч хууль зөрчсөн байна гэх үндэслэлийн хувьд хэрэгт авагдсан материал болон талуудын тайлбараар тухайн өдөр нэр бүхий шүүгч нар уулзаж архи уусан нь тогтоогдож байна.” гэж, “...биеэ үнэлэгчдийг хөлсөлж авсан гэх үндэслэлийн хувьд ... бичлэгт гарсан эмэгтэйчүүдтэй тухайн өдөр уулзсан нь тогтоогдож байна” гэж,

мөн шүүгч Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарын тайлбарт “эмэгтэй хүнтэй уулзсан” талаар мэдүүлсэн нь тухайн эмэгтэй хүмүүсийг биеэ үнэлэгч байсан мэтээр, миний биеийг биеэ үнэлэгч хөлсөлж авсан мэт ойлгогдохоор дүгнэсэн дүгнэснийг дараах байдлаар эс зөвшөөрнө.

Тухайн үед байсан гэх дүрсний бичлэгт авагдсан эмэгтэйчүүдийг миний бие огт танихгүй бөгөөд ямар нэгэн хувийн харилцаа тогтоогоогүй байхад нэр бүхий хүмүүс уулзсан, “...олон биеэ үнэлэгчдийг дуудаж архидан согтуурч хууль зөрчсөн...” гэж шууд утгаар дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хууль бус нотолгоогоор хэнийг ч гэм буруутайд үл тооцно, хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж хуульчилсан байх бөгөөд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүд сахилгын хэрэг үүсгэхдээ хууль бус нотолгоо, тодруулбал олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгийг үндэслэн, нөгөөтээгүүр Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөнийг дүгнэлтдээ тусгаагүй гэж үзэж байна. Миний бие хэн нэгэн этгээдийн хууль бус ажиллагаа явуулсан талаар зохих байгууллагад гомдол гаргасан бөгөөд энэ нь одоогоор шалгагдаж байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Цаашилбал хууль бусаар иргэдийг тагнасан, мөрдөж мөшгөсөн байж болзошгүй эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлээр олж авсан “бичлэг” гэх баримтууд ч намайг шүүгчийн ёс зүйн дүрмээр тогтоосон хязгаарлалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй болно гэж үзэж байна.

Ийм Шүүхийн ёс зүйн хорооны 2021.03.22-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор надад сахилгын хэрэг үүсгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа бөгөөд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.      

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгч Х.Идэрийн гомдолтой нэгэн адил байгаа бөгөөд 2021.01.20-ны өдрийн уулзалтын бичлэгт зөвхөн түүний тухайн байранд орж байгаа дүрс байх гарч явсан бичлэг байхгүй, коридор, цахилгаан шатан дахь бичлэгт байгаагүй, өөр газар байсан талаар холбогдох дүрс бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгснийг шинжлэн судлуулах хүсэлтэй байгаа гэжээ.

 Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгч Х.Идэрийн гомдолтой нэгэн адил байгаа гэжээ.

      “Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөн” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Л.Отгонбат, “Дархан монгол ногоон нэгдэл” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Даш нар Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Шүүхийн ёс зүйн хорооны 2021.03.22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын хэрэг үүсгэсэн 14 дугаартай тогтоол үндэслэлтэй бөгөөд шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан нэр бүхий шүүгчдэд сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэжээ.

 Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанаар хэлэлцсэн үйл баримт, талуудын тайлбар, нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанаар Шүүхийн ёс зүйн хорооны 2021.03.22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын хэрэг үүсгэсэн 14 дугаартай тогтоол үндэслэлтэй бөгөөд нэр бүхий шүүгчид ёс зүйн зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 Нэг. Шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар:

 1.1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарын ёс зүйн зөрчлийн талаар:

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар 15 жил найзалж, нөхөрлөж байгаа өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзах, гомдолд дурдагдаж буй шүүгч Д.Отгонбаатар 2021.01.19-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсонд баяр хүргэхээр 2021.01.20-ны өдөр “Раrk View” хотхоны 752 дугаар байрны 270 тоотод очсон байна. Тус уулзалтад очсон нь Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дүрс бичлэгийн 2021.01.20-ны 12:09 огноо бүхий тэмдэглэгээтэй 04 минут 37 секунд бүхий дүрс бичлэгийн эхний 39 секундын бичлэг болон шүүгч З.Болдбаатарын “2021.02.20-нд Б.Баасанцогттой уулзсан зүйл огт байхгүй болно. Харин найз Б.Баасанцогттой уулзахаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Раrk View хотхоны 752 дугаар байрны 270 тоотод очсон. Очсон шалтгаан нь гомдолд дурдагдаад байгаа Д.Отгонбаатар нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймгийн сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон байсан учраас түүнд баяр хүргэхээр очсон” гэх тайлбараар нотлогдож байна.

 Тус уулзалтад шүүгч З.Болдбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт нараас гадна шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар нар байсан нь шүүгч Х.Идэрийн “...Бид хууль бус арга хэмжээ, уулзалт зохион байгуулаагүй, иргэн, хувь хүн, найз нөхдийн хүрээнд уулзалдсан бөгөөд цахим орчинд тарааж байгаа шиг бусармаг үйлдэл гаргаагүй бөгөөд бидний уулзалт “Ковид-19, Согоnа-virus”-ын хөл хориогүй үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болсон” гэх тайлбар, шүүгч Д.Отгонбаатарын “...Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Баасанцогт над руу утсаар залгаж ‘Отгоо хоол хийж байна’ хүрээд ирээч гэсний дагуу очсон. Би машингүй учир өөрийн төрсөн ах Д.Мандахаар тухайн газар хүргүүлж, буцаж явахаар тохироод хүргүүлсэн. Очиход дээр дурдсан найзууд байсан. Тэгээд бид нар оройн 18-19 цагийн үед хоол идэж, ууж жаахан юм ярьж суусан ба цахим орчинд яригдаж буй хууль бус үйлдэл, яриа огт болоогүй” гэх тайлбар, Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан 01 минут 45 секунд үргэлжлэх дүрс бичлэгийн 01:43-01:45 дахь бичлэгт гарч буй хүнийг П.Чулуунбаатар болохыг хуралдаанд оролцогчид хэлснээр нотлогдож байна.

 Тус уулзалтад шүүгч З.Болдбаатар 2021.01.20-ны өдрийн 12 цагаас 22 цагийн хооронд байсан, 22 цагаас хойш өөр газар байсан нь түүний тайлбар болон түүний гаргаж өгч, Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд шинжлэн судалсан дүрс бичлэгээр нотлогдож байна.

 Шүүгч З.Болдбаатарын дээрх үйлдэлтэй холбогдуулан “Дархан монгол ногоон нэгдэл” НҮТББ, “Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөн” НҮТББ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос иргэн О.Сугарзолбоогийн гомдлыг шалгуулахаар шилжүүлсэн, “Зариг.мн” хэвлэл мэдээллийн хэрэгслээр Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албанаас тодруулга авсан зэрэг нь шүүгч З.Болдбаатарын үйлдэл бусдад зохисгүй байдал гаргасан гэж ойлгогдсон болохыг харуулж байна.

 Шүүгч З.Болдбаатарын дээр дурдсан өмгөөлөгч, нэр бүхий шүүгчид, мөрдөн байцаах байгууллагын ажилтантай 10 орчим цаг “найз нөхдийн цугларалт” нэрийн дор уулзсан үйлдэл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.18-д “шүүгч нь ... бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох”-ыг хориглоно, Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь ... мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”, 2.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1-т “... хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ” гэснийг зөрчсөн байна.

 1.2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн ёс зүйн зөрчлийн талаар:

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр 2021.01.20-ны өдөр “Раrk View” хотхоны 752 дугаар байрны 270 тоотод 15 жил найзалж, нөхөрлөж байгаа гэх өмгөөлөгч Б.Баасанцогт болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар нартай олон цаг уулзсан байна. Энэ нь дараах баримтаар нотлогдож байна. Үүнд:

 -       шүүгч Х.Идэрийн “...Бид хууль бус арга хэмжээ, уулзалт зохион байгуулаагүй, иргэн, хувь хүн, найз нөхдийн хүрээнд уулзалдсан бөгөөд цахим орчинд тарааж байгаа шиг бусармаг үйлдэл гаргаагүй бөгөөд бидний уулзалт “Ковид-19, Согоnа-virus”-ын хөл хориогүй үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болсон” гэх тайлбар,

-       шүүгч Д.Отгонбаатарын “Бичлэгт гарсан З.Болдбаатар, Х.Идэр нар нь 2006 оноос хойш шүүгч болтол дүүргийн шүүх, Нийслэлийн шүүхэд шүүгчийн туслахаар; Б.Баасанцогт нь 2006-2011 он хүртэл Нийслэлийн шүүхэд жижүүр, дүүргийн шүүхэд шүүгчийн туслах, албаны даргаар тус тус ажиллаж байсан. Бид энэ хугацаанд танилцаж, найз нөхөд болсон. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Баасанцогт над руу утсаар залгаж “Отгоо хоол хийж байна” хүрээд ирээч гэсний дагуу очсон. Би машингүй учир өөрийн төрсөн ах Д.Мандахаар тухайн газар хүргүүлж, буцаж явахаар тохироод хүргүүлсэн. Очиход дээр дурдсан найзууд байсан. Тэгээд бид нар оройн 18-19 цагийн үед хоол идэж, ууж жаахан юм ярьж суусан ба цахим орчинд яригдаж буй хууль бус үйлдэл, яриа огт болоогүй” гэх тайлбар,

-       шүүгч З.Болдбаатарын “2021.02.20-нд Б.Баасанцогттой уулзсан зүйл огт байхгүй болно. Харин найз Б.Баасанцогттой уулзахаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Раrk View хотхоны 752 дугаар байрны 270 тоотод очсон. Очсон шалтгаан нь гомдолд дурдагдаад байгаа Д.Отгонбаатар нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймгийн сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон байсан учраас түүнд баяр хүргэхээр очсон” гэх тайлбар,

-       Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан 04 минут 37 секунд үргэлжлэх дүрс бичлэгийн 2021.01.21-ний 03:09 бүхий огноо харагдах 04:06–аас 04:17 дахь бичлэг, 01 минут 45 секунд бүхий дүрс бичлэгийн 00:18-01:42 дахь бичлэг,

-       Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан 01 минут 45 секунд бүхий дүрс бичлэгийн 01:43-01:45 дахь бичлэгт гарч буй хүнийг П.Чулуунбаатар болохыг хуралдаанд оролцогчид таньж хэлсэн тайлбар.

 Шүүгч Х.Идэр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтсон байдалтай үйлдэл нь талуудын тайлбар болон Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан 04 минут 37 секунд үргэлжлэх дүрс бичлэгийн 2021.01.21-ний 03:09 бүхий огноо харагдах 04:06–аас 04:17 дахь бичлэг, 01 минут 45 секунд бүхий дүрс бичлэгийн 00:18-01:42 дахь бичлэгээр нотлогдож байна.

 Шүүгч Х.Идэр нь уулзалт, найзуудын цугларалтад байсан гэх танихгүй эмэгтэйтэй зохисгүй харилцаж буй үйлдэл нь түүний “Тухайн үед байсан гэх дүрсний бичлэгт авагдсан эмэгтэйчүүдийг миний бие огт танихгүй бөгөөд хэзээ ирсэн хэн дуудсан эсэхийг миний бие мэдэхгүй байна. Тэдгээр эмэгтэйчүүдтэй миний бие ямар нэгэн хувийн харилцаа тогтоогоогүй болно” гэх тайлбар болон Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан 01 минут 45 секунд үргэлжлэх дүрс бичлэгийн 00:21-01:36 дахь бичлэгээр нотлогдож байна.

 Шүүгч Х.Идэрийн дээрх үйлдлүүдтэй холбогдуулан “Дархан монгол ногоон нэгдэл” НҮТББ, “Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөн” НҮТББ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос иргэн О.Сугарзолбоогийн гомдлыг шалгуулахаар шилжүүлсэн, “Зариг.мн” хэвлэл мэдээллийн хэрэгслээр Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албанаас тодруулга авсан зэрэг нь шүүгч Х.Идэрийн үйлдлүүд бусдад зохисгүй байдал гаргасан гэж ойлгогдсон болохыг харуулж байна.

 Шүүгч Х.Идэрийн дээр дурдсан өмгөөлөгч, нэр бүхий шүүгчид, мөрдөн байцаах байгууллагын ажилтантай “найз нөхдийн цугларалт” нэрийн дор олон цаг уулзсан үйлдэл, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтсон байдалтай үйлдэл, уулзалтад байсан танихгүй эмэгтэйтэй зохисгүй харилцаж буй үйлдэл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.18-д “шүүгч нь ... бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох”-ыг хориглоно, Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь ... мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”, 2.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1-т “... хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ” гэснийг зөрчсөн байна.

 Шүүгч Х.Идэрийн хувьд Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд гаргасан гомдолдоо Шүүхийн ёс зүйн хорооноос сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолын үндэслэх хэсэгт “тухайн эмэгтэй хүмүүсийг биеэ үнэлэгч байсан мэтээр, миний биеийг биеэ үнэлэгч хөлсөлж авсан мэт ойлгогдохоор дүгнэснийг эс зөвшөөрнө. ... олон бие үнэлэгчдийг дуудаж архидан согтуурч хууль зөрчсөн гэж шууд утгаар дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх бөгөөд дээрх тогтоолд “...бичлэгт гарсан эмэгтэйчүүдтэй тухайн өдөр уулзсан болох нь тогтоогдож байна” гэж бичсэн бөгөөд харин гомдолд дурдсан шиг тухайн эмэгтэйчүүдийг биеэ үнэлэгч байсан гэж дүгнээгүй байна.

 Мөн шүүгч Х.Идэрийн хувьд Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд гаргасан гомдолдоо “Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хууль бус нотолгоогоор хэнийг ч гэм буруутайд үл тооцно, хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж хуульчилсан байх бөгөөд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүд сахилгын хэрэг үүсгэхдээ хууль бус нотолгоо, тодруулбал, олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгийг үндэслэн, нөгөөтээгүүр Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөнийг дүгнэлтдээ тусгаагүй гэж үзэж байна” гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгч Х.Идэр ёс зүйн зөрчил гаргасан үйл баримтыг талуудын тайлбар болон шинжлэн судалсан дүрс бичлэгт үнэлэлт өгөх замаар тогтоосон. Дүрс бичлэгт буй баримтат мэдээллийг Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн.

 1.3. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатарын ёс зүйн зөрчлийн талаар:

 Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар 2021.01.20-ны өдөр “Раrk View” хотхоны 752 дугаар байрны 270 тоотод 15 жил найзалж, нөхөрлөж байгаа гэх өмгөөлөгч Б.Баасанцогт болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар нартай олон цаг уулзсан байна. Энэ нь дараах баримтаар нотлогдож байна. Үүнд:

 -       шүүгч Д.Отгонбаатарын “Бичлэгт гарсан З.Болдбаатар, Х.Идэр нар нь 2006 оноос хойш шүүгч болтол дүүргийн шүүх, Нийслэлийн шүүхэд шүүгчийн туслахаар; Б.Баасанцогт нь 2006-2011 он хүртэл Нийслэлийн шүүхэд жижүүр, дүүргийн шүүхэд шүүгчийн туслах, албаны даргаар тус тус ажиллаж байсан. Бид энэ хугацаанд танилцаж, найз нөхөд болсон. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Баасанцогт над руу утсаар залгаж “Отгоо хоол хийж байна” хүрээд ирээч гэсний дагуу очсон. Би машингүй учир өөрийн төрсөн ах Д.Мандахаар тухайн газар хүргүүлж, буцаж явахаар тохироод хүргүүлсэн. Очиход дээр дурдсан найзууд байсан. Тэгээд бид нар оройн 18-19 цагийн үед хоол идэж, ууж жаахан юм ярьж суусан ба цахим орчинд яригдаж буй хууль бус үйлдэл, яриа огт болоогүй” гэх тайлбар,

-       шүүгч З.Болдбаатарын “2021.02.20-нд Б.Баасанцогттой уулзсан зүйл огт байхгүй болно. Харин найз Б.Баасанцогттой уулзахаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Раrk View хотхоны 752 дугаар байрны 270 тоотод очсон. Очсон шалтгаан нь гомдолд дурдагдаад байгаа Д.Отгонбаатар нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймгийн сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон байсан учраас түүнд баяр хүргэхээр очсон” гэх тайлбар,

-       шүүгч Х.Идэрийн “...Бид хууль бус арга хэмжээ, уулзалт зохион байгуулаагүй, иргэн, хувь хүн, найз нөхдийн хүрээнд уулзалдсан бөгөөд цахим орчинд тарааж байгаа шиг бусармаг үйлдэл гаргаагүй бөгөөд бидний уулзалт “Ковид-19, Согоnа-virus”-ын хөл хориогүй үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болсон” гэх тайлбар,

-       Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан 04 минут 37 секунд үргэлжлэх дүрс бичлэгийн 2021.01.21-ний 03:09 бүхий огноо харагдах 02:33-аас 04:37 дахь бичлэг, 01 минут 45 секунд бүхий дүрс бичлэгийн 00:35-01:38 дахь бичлэг,

-       Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан 01 минут 45 секунд бүхий дүрс бичлэгийн 01:43-01:45 дахь бичлэгт гарч буй хүнийг П.Чулуунбаатар болохыг хуралдаанд оролцогчид таньж хэлсэн тайлбар.

 Шүүгч Д.Отгонбаатар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтсон байдалтай үйлдэл нь талуудын тайлбар болон Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан 04 минут 37 секунд үргэлжлэх дүрс бичлэгийн 2021.01.21-ний 03:09 бүхий огноо харагдах 02:33-аас 04:37 дахь бичлэг, 01 минут 45 секунд бүхий дүрс бичлэгийн 00:35-01:38 дахь бичлэгээр нотлогдож байна.

 Шүүгч Д.Отгонбаатар нь уулзалт, найзуудын цугларалтад байсан гэх эмэгтэйтэй зохисгүй харилцаж буй үйлдэл нь Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан 04 минут 37 секунд үргэлжлэх дүрс бичлэгийн 2021.01.21-ний 03:09 бүхий огноо харагдах 02:33-аас 03:40 дэх бичлэгээр нотлогдож байна.

 Шүүгч Д.Отгонбаатарын дээрх үйлдлүүдтэй холбогдуулан “Дархан монгол ногоон нэгдэл” НҮТББ, “Нэхүүл нам бус залуусын хөдөлгөөн” НҮТББ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос иргэн О.Сугарзолбоогийн гомдлыг шалгуулахаар шилжүүлсэн, “Зариг.мн” хэвлэл мэдээллийн хэрэгслээр Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албанаас тодруулга авсан зэрэг нь шүүгч Д.Отгонбаатарын үйлдлүүд бусдад зохисгүй байдал гаргасан гэж ойлгогдсон болохыг харуулж байна.

 Шүүгч Д.Отгонбаатарын дээр дурдсан өмгөөлөгч, нэр бүхий шүүгчид, мөрдөн байцаах байгууллагын ажилтантай “найз нөхдийн цугларалт” нэрийн дор олон цаг уулзсан үйлдэл, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтсон байдалтай үйлдэл, уулзалтад байсан эмэгтэйтэй зохисгүй харилцаж буй үйлдэл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.18-д “шүүгч нь ... бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох”-ыг хориглоно, Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь ... мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”, 2.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1-т “... хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ” гэснийг зөрчсөн байна.

 1.4. Дүрс бичлэгийг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хийсэн эсэх талаар:

 Дээрх 3 шүүгч ёс зүйн зөрчил гаргасныг нотлох баримтын нэг бүрэлдэхүүн хэсэг болох дүрс бичлэгийг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй.

 Мөн  Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 13-т “...Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэн боловч ... нэр төрийг нь доромжилж болохгүй”, 17-д “Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална.”, Хүний эрхийн түгээмэл тунхаглал 12 дугаар зүйл болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 17 дугаар зүйлийн 1-т “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, ... нэр төр алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо хандлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй.” гэж тус тус заасан, Мөн Шүүгчийн эрх зүйл байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Шүүгчийн халдашгүй байдал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 49 дүгээр зүйлийн 49.2-т Шүүгчийн халдашгүй байдал, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрсний бичлэг хийж дамжуулах, тараах, 13.10 дугаар зүйлд Хувь хүний нууцад халдах,13.11 дүгээр зүйлд Хувь хүний нууцыг задруулах, 13.12 дугаар зүйлд Хууль бусаар мөрдөж мөшгөх, 13.14 дүгээр зүйлд Худал мэдээлэл тараах, 21.13 дугаар зүйлд Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих гэж заасныг тус тус зөрчсөн талаар нэр бүхий шүүгчдийн гомдол гаргах эрхийг Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэр хязгаарлаагүй бөгөөд дээрх зүйл, заалтууд зөрчигдсөн эсэхийг Шүүхийн ёс зүйн хороо тогтоох эрх хэмжээгүй болно.

 Хоёр. Сахилгын шийтгэлийн талаар

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүгч энэхүү дүрмийг зөрчсөн бол Шүүгчийн  эрх зүйн байдлын тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээнэ”, 2-т “Зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзнэ” гэж заасан.

 Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18.1-т “Шүүгчийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, огцруулна” гэж, 37.1-т “Шүүгч энэ хууль, шүүгчийн ёс зүйн дүрэм, шүүхийн байгууллага дахь хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол түүнд дор дурдсан сахилгын арга хэмжээний аль нэгийг авна: 37.1.2.зургаан сар хүртэл хугацаагаар 30 хүртэл хувиар цалинг бууруулах; 37.1.3.огцруулах” гэж тус тус заасан.

 Шүүгч Д.Отгонбаатар тайлбартаа “Тус бичлэг нийгэмд цацагдаж шүүх, шүүгч, шүүхийн ажилтнуудын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, олон нийтийг 2 талцуулж буйд миний бие сэтгэл эмзэглэж, чин сэтгэлээсээ харамсаж байна” гэж, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нар Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдаанд гаргасан тайлбартаа дүрс бичлэгт гарсан үйлдлүүд нь шүүх болон шүүгчийн нэр хүндэд хор уршиг, үр дагавар учруулсныг зөвшөөрч, харамсаж буйгаа илэрхийлсэн.

 Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан. Шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Д.Отгонбаатар нарын ёс зүйн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 Иймд зөрчлийн шинж байдал, оролцоо, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатарт шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулах, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар зургаан сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж Шүүхийн ёс зүйн хорооны Нийт гишүүдийн хуралдааны бүрэлдэхүүн үзлээ.

 Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.3, Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.7.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрт шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.

 2. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатарт шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.

 3. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.

 4. Энэ магадлалын хувийг шүүгч, гомдол гаргагчид болон Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхийг Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албанд даалгасугай.

 5. Шүүгч, гомдол гаргагч магадлалыг эс зөвшөөрвөл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ                                       Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ГИШҮҮН                                             Л.ГАЛБААТАР

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

del
2 жилийн өмнө
202.55.188.41

золбинууд

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

БУУДЧИХГҮЙ ЯАСЫН

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.