Сибирьт үүссэн аварга том, нууцлаг 17 нүхний учрыг тайлжээ
Сибирийн тундрын бүсэд өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд 17 ширхэг нууцлаг аварга том нүх үүссэн билээ. Эрдэмтэд эдгээр нүхнүүдийг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж байсан ч албан ёсны судалгааны дүнг хараахан танилцуулаагүй байсан юм.
Тэгвэл Москва дахь Нүүрстөрөгчийг нөхөн сэргээх шинжлэх ухаан технологийн төвийн Сколковын хүрээлэнгийн эрдэмтэд дроны зураг, 3D загвар, хиймэл оюун ухаан ашиглан нууцлаг аварга нүхнүүдийн нууцыг тайлахад тусалжээ. Өнгөрсөн жилийн намар эхэлсэн тэдний ажлын тайлан “Газарзүйн шинжлэх ухаан” сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн байна. Анх удаа судлаачид нууцлаг харанхуй тогооны 10-15 метрийн гүнд дрон оруулж зургийг нь авсан ажээ.
Хамгийн анхны нүх Сибирьт 2013 онд бүртгэгдэв. Үүнээс хойш хамгийн сүүлийн буюу 17 дахь нүх Оросын арктикийн Ямалын хойгт өнгөрсөн жил илэрсэн байна.

Эрдэмтдийн баг дроноор 80 орчим зураг дарж, 30 орчим метр гүн нууцлаг тогооны 3D загварыг гаргажээ. Ингэхдээ гурван ч удаа дроноо алдах дөхсөн ч амжилттай мэдээлэл цуглуулсан байна. Тэдний тооцоолсноор метаны хий буюу намгийн хий мөсөн дээр хөндий үүсгэж, энэ нь хөрсний гадаргуу дээр овоолго үүсгэжээ. Уг овоолгоны хэмжээ томорсоор хагарч дэлбэрснээр аварга том тогоо буюу нүхийг бий болгосон байна. Аварга нууцлаг тогоо үүссэн явцыг тайлбарласан ч метаны хий хаанаас хэрхэн үүсч байгааг хараахан тогтоогоогүй ажээ. Хөрсний гүнээс, гадаргуугаас, аль эсвэл хоёулангаас нь ч үүсэх боломжтой байна.

Мөнх цэвдэг нь өөрөө метаны асар том байгалийн нөөцтэй. Асар хүчтэй уг хүлэмжийн хий нь нүүрстөрөгчийн давхар ислээс ч илүү манай гарагийн дулааныг барьж тэнцвэржүүлж байдаг. Ойрын жилүүдэд дэлхийн дунджаас хоёр дахин илүү халуун болж байгаа нь мөнх цэвдгийн давхарга нимгэрч сулрахад нөлөөлж, үүний үр дагаварт хий хаа нэгтээ гадагшлахад хялбар болсон байна. Тиймээс дэлхийн цаг уурын дулаарал арктикийн мөнх цэвдэгт аварга том нүх гарахад нөлөөлж байна гэдэгтэй судлаачид санал нийлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.