АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2 сарын өмнө

УИХ-ын гишүүн асан Г.Солтаны ял, хууль бусаар олсон хөрөнгийг хураах шийдвэрийг хэвээр үлдээв

Нийтэлсэн
2 сарын өмнө

Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

-ЖДҮХС-гаас авсан зээлээ хүүгээ гадаадад сургах, өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан билээ- 

.

Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн үүсгэн байгуулсан, менежерээр эхнэр Б.Алтанчимэг, захирлаар нь хүү С.Ахмед нь ажилладаг “Монгол шаазан” ХХК-д Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд малын тэжээл үйлдвэрлэх төсөлд зориулан урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авахын тулд тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт нөлөөлсөн. Салбарын сайдаар нь дамжуулан төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт хэлүүлж, уг төслийг шалгаруулах шаардлагатай гэсэн үүрэг, чиглэл өгүүлэн, 950 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсон билээ. Өнгөрсөн хавар Г.Солтанд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллагдагчаар татах тогтоолыг нь танилцуулан, шүүхэд шилжүүлэх болоход тэрбээр прокурор, мөрдөгчийн дуудсанаар ирэхгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавчилж нэлээд зугтаж байсныг уншигчид санаж буй нь лавтай.

Үүнийг нь өмгөөлөгч нар нь ашиглаж, “Хавтаст хэрэгтэй нь танилцуулаагүй” хэмээн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд удаа дараа гомдол гаргасан юм. Хамгийн сүүлд л гэхэд 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр утсаа салган, Баян-Өлгий аймаг руу явж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан бөгөөд нэр бүхий улс төрийн өндөр албан тушаалтнуудыг шүүхээс хорьж, өндөр барьцаа төлүүлэн батлан даалтад өгөх үед өөрөө прокурор, шүүхийн байранд ирж, хавтаст хэрэгтэйгээ танилцсан юм даг. Улмаар шүүхээр хэргийг хэлэлцэх болоход Г.Солтан “Би мөрдөн байцаалтын шатанд бүгдийг нь ярьсан. Тиймээс шүүхэд мэдүүлэг өгөхгүй” хэмээж байв.

Мөрдөн байцаалтын шатанд тэрбээр албан тушаалаа ашиглаж ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийг “Монгол шаазан” ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банк дахь дансаар дамжуулан 2018 оны зургадугаар сард авсан. Уг мөнгөнөөсөө хүү С.Ахмедийг АНУ-ын Сент Луис хотод сургахад бэлтгэн амьдрах байрны, онгоцны тийзний төлбөрт шилжүүлсэн, БНСУ-д эмнэлгийн хяналтад байдаг эхнэрийнхээ эм, эмчилгээний зардалд цөөнгүй төгрөг зарцуулсан, өөрийнхөө эмийг ч Солонгосоос авах, өндөр хүүтэй хугацаатай хадгаламж нээсэн зэргээр зээлээ зориулалт бусаар ашигласан нь нотлогдсон юм. Харин Ногооннуур суманд байдаг хуучны тэжээлийн үйлдвэрийг авах талаар ярьж 200 сая төгрөг шилжүүлсэн хэмээж байсан ч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ нь худлаа болох нь батлагдсан аж.  

Улмаар УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан дуулиан дэгдэх үед буюу 2018 оны арваннэгдүгээр сард хадгаламжид байсан мөнгө болох 930 гаруй сая дээр нэмж мөнгө нэмээд 951 сая төгрөг ЖДҮХС-гийн данс руу буцаан шилжүүлсэн юм байна. Энэ бүх нотлох баримтад тулгуурлан юм.

Анхан шатны шүүхээс оноосон ялыг түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаяр  нар үл зөвшөөрч, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн есдүгээр сард хандсан бөгөөд тус шүүхээс хэргийн зүйлчлэл, анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг нь хүндрүүлэхгүйгээр бага зэргийн өөрчлөлт оруулсан билээ. Өөрөөр хэлбэл, улсад учруулсан хохирлоо бүрэн төлсөн Г.Солтанд оноосон хорих ялыг хэвээр үлдээж, харин ЖДҮХС-гаас авсан зээлээ банканд өндөр хүүтэй байршуулж, төслийн мөнгийг хүүлж олсон 7.5 сая төгрөгийн орлогыг албадан гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхэд энэ хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял тохирсон, давж заалдах шатны шүүхийн нэмж оруулсан мөнгө хүүлж олсон 7.5 сая төгрөгийг хураан авах нь хуульд нийцсэн гэж дүгнэн тогтоол, магадлалыг хэвээр үлдээв.

Г.Солтан өдгөө ШШГЕГ-ын харьяа 429 дүгээр ангид ялаа эдэлж, хүмүүжигч нарт шаазан, керамик урлалын хичээл зааж байгаа юм.

Г.РАВЖАА


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
2 сарын өмнө
202.126.89.64

Энэ хүн авсан зээлээ буцаагаад төлж. Улсыг хохиролгүй болгосон гэж. Бусад ЖДҮ-чид ямар хариуцлага хүлээсэн юм бол.

Иргэн
2 сарын өмнө
139.5.217.12

Нутаг усныхаа, казахуудынхаа нэрийг баастсан ийм улсууд УИХ-д ердөө өөрийгөө төлөөлдөг. УИХ-д ийм юмнууд их байх болжээ

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.