LIVE: Улсаас сард 770 мянган төгрөгийн халамж авдаг айл "халамж авдаггүй" гэж худал мэдээлжээ
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд зургаан хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй халамж, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг мэдээллийн дараа тус хорооны Халамж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Шүрэнцэцэг манай ТВ-д хандсан юм. Учир нь тухайн айл нь төрөөс олгож байгаа бүх халамжид хамрагддаг бөгөөд хамгийн сүүлд 10 мянган айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгох жагсаалтад хамруулсан талаараа бидэнд мэдээлэл өглөө.
1979 онд төрсөн эмэгтэй, ээжтэйгээ зургаан хүүхэдтэйгээ хамт амьдардаг бөгөөд төрөөс авдаг халамж, үйлчилгээг үгүйсгэж, хүнд суртал гаргадаг, авч чадахгүй байна гэх мэдээлэл нь худал хэмээв.
Тухайн айлын хувьд дараах халамж, үйлчилгээг төрөөс олгодог:
- Хүнсний эрхийн бичигт 2017 оны 11 дүгээр сараас хойш хамрагдсан. Сар болгон 170 мянган төгрөг авдаг.
- Хүүхдийн мөнгө- Зургаан хүүхдийн 600 мянган төгрөг
- Өрх толгойлсон эцэг, эхийн мөнгө улиралд 420 мянган төгрөгийн халамж, үйлчилгээг улсаас тухайн айл өрхөд өгдөг байна.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Халамж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Шүрэнцэцэг “Тухайн өрхийн хувьд сард тогтмол 770 мянган төгрөгийн халамжийг улсаас авахаас гадна улиралд нэг удаа 420 мянган төгрөгийн тэтгэмжийг эх нь авдаг. Хамгийн сүүлд цар тахалтай энэ үед амьдралын боломж муу айл өрхүүдэд сайжруулсан түлш тарааж байгаа. Үүнд хүртэл уг айлыг оруулж өгсөн байтал улсаас нэг ч халамж авдаггүй хэмээн ярьсан нь төрийн халамж, үйлчилгээг үгүйсгэж байгаа үйлдэл. Энэ айлаас гадна найман хүүхэдтэй төрсөн дүү нь хүртэл халамжийн үйлчилгээнд хамрагдсан байгаа” гэдгийг дурдсан юм.
Энэ талаар тухайн айлаас дахин тодруулга мэдээлэл авах гэсэн боловч хүүхдүүд нь “Аав, ээж, эмээ хоол хүнсэндээ явчихсан. Гэрт том хүн байхгүй байна” гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.