СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-09-18

Б.Батлхагва: Монголд том чадлын УЦС байгуулахгүй бол ОХУ-аас хараат байсаар байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

Өнгөрөгч амралтын өдрүүдээр IV цахилгаан станцад осол гарч Улаанбаатар хот бүхэлдээ гэрэл цахилгаангүй боллоо. Цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд Монгол улс бие даасан эх үүсвэртэй болох ёстой. Юун түрүүнд усан цахилгаан станцтай болох ёстой гэж салбарын мэргэжилтнүүд хэлж байна. “Монхорус интернэшнл” ХХК-ийн Эрчим хүч, бизнес хөгжлийн газрын захирал Б.Батлхагватай хийсэн ярилцлагыг та бүхэнд дахин сануулъя.

-Та өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. Энэ салбарт хичнээн жил ажиллаж байна вэ?

-ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийг 1999 онд Цахилгаан системийн автоматжуулалт, реле хамгаалалт мэргэжлээр төгссөн. Улаанбаатар хотын цахилгаан шугам сүлжээний газар болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанид монтёроос ажлын гараагаа эхлэн техникийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга хүртэл тасралтгүй 13 жил ажилласан. Дундуур нь эрчим хүчний бодлого чиглэлээр АНУ-ын Lehigh их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. “Монхорус интернэшнл” ХХК-д сүүлийн таван жил ажиллаж байна.

-Салбартаа тэргүүлэгч, Үндэсний томоохон аж ахуйн нэгж “Монхорус интернэшнл групп” ХХК нь барилга, дэд бүтэц, эрчим хүчний чиглэлээр ажилладаг. Таны ажлын ачаалал хэр байдаг вэ?

 -Монгол улсад хийх, бүтээх зүйл маш их байгаа болохоор хувийн хэвшлийн төлөөлөл болсон бидний ажил ерөнхийдөө их талдаа. Хувийн салбарт ажиллаж эхэлснээс хойш бараг сар бүр гадагшаа явдаг ажилтай болсон. Эхний гурван жил бол бараг амардаггүй байсан. Одоо аль болох ажил амралтаа зохицуулахыг хичээж байгаа. Гэхдээ би дуртай ажлаа хийж байна. Хийсэн бүтээснээ харах бахархалтай байдаг, үүнээс асар их кайф авдаг. Монгол Улсынхаа Эрчим хүчний хөгжилд хувь нэмрээ оруулж, түүхэнд бичигдэх олон төсөл, хөтөлбөрт манай компани оролцож  байгаа нь илүү эрч хүч өгч ажиллах урам зоригийг нэмж байна даа.  

-Салхитын цахилгаан станц гэснээс сэргээгдэх эрчим хүчний салбар манай улсад сайн хөгжихгүй байх шиг санагддаг. Учир нь юундаа байна вэ?

-Харин ч маш хурдацтай хөгжиж байгаа. 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдсан. “Ньюком” групп Сэргээгдэх эрчим хүчийг Монголд хөгжүүлэхэд түүхэн гавьяатай компани. Хуулийг нь хүртэл батлуулсан. Салхитын цахилгаан станцын төсөл дээр найман жил ажилласан гэдэг. Азаар миний бие энэ төсөлд ажиллаж, олон улсын төсөл ямар байдгийг, ажлыг хэрхэн гүйцэтгэдэг, хяналт шалгалтыг хэрхэн явуулдгийг мэдэж авсан. Одоо олон компани Сэргээгдэх эрчим хүчний бизнес рүү орж байна. Өмнө нь Монголд эрчим хүчний үнэ хямд байсан бол одоо харьцангуй бодит зардалд нь ойртсон үнээр худалдах боломжтой болж эхэлж байна. Ийм учраас хэт их сэргээгдэх эрчим хүч бий болох гээд байна уу гэдэг яриа гарах гээд байна. Гэхдээ энэ үйл явцыг хуулинд орсон ялихгүй мэт боловч бодлогын буруу өөрчлөлт нь энэ салбарыг тэр чигт нь хүнд байдалд оруулж, хөрөнгө оруулалтыг зогсоох аюултай юм. Тиймээс маш болгоомжтой хандах хэрэгтэй.

 -ОХУ-аас цахилгаан худалдан авч байгаа хэвээрээ юу. Хэзээнээс эрчим хүчний хэрэгцээгээ хангадаг болох вэ?

-Монголд том чадлын усан цахилгаан станц байгуулахгүйгээр өөрсдийн хэрэгцээгээ хэзээ ч хангаж чадахгүй. Хичнээн сэргээгдэх эрчим хүч, дулааны цахилгаан станц байгууллаа ч давтамжаа хэвийн барьж ажиллаж чаддаггүй. Тиймээс бид байнга ОХУ-аас хараат байдалтай ажилласаар байна. Үүнийг Усан цахилгаан станц барьж байж шийдвэрлэх боломжтой юм. Усан цахилгаан станц Монголд байгуулъя гэхээр ОХУ-ын тал зөвшөөрдөггүй. Шулуухан хэлэхэд ОХУ-ын тал “Та нар усан цахилгаан станц байгуулчихвал дотоодын хэрэгцээгээ 100 хувь өөрсдийгөө хангачихна. Иймд барьж байгуулж болохгүй шүү. Оронд нь том чадлын шугам, дэд станц та нарт бариад өгье” гэдэг. . Энэ бол Монгол улсыг эрчим хүчний хувьд бие даахын эсрэг бодлого явж байдаг гэж бодогдоход хүргэж байна. Жижиг гүрний зовлон юм уу даа.

-Одоо байгаа Усан цахилгаан станцууд хэтэрхий өндөр үнээр боссон, боссон хэд нь хүчин чадалдаа хүрэхгүй байгаа гэдэг шүү дээ?

-Энэ бол оросуудын тархи угаалт шүү дээ. Сэтгүүлчдээр энэ талаар их бичүүлдэг. Тархи угаах ажлыг монголчуудаар өөрсдөөр нь хийлгүүлдэг. Тэнд амьдарч байгаа цөөхөн хэдхэн айлыг турхираад байгаль орчинд аюул занал учруулах гэж байгаа юм шиг ойлголтыг нийгэмд өгчихдөг. Байгаль нуур нь ширгээд сүйрэх гэж байгаа юм шигээр мэдээлэл цацдаг. Зогсоох бүхий л ажлыг олон жилийн турш хийж байна.

-Цахилгаан паар, халаагуур бол утаанаас салах нэг арга гэж хардаг. Хэрэв цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ хангавал энэ асуудал шийдэгдэнэ, тийм үү?

-Том чадлын станц бариад, айл бүрт дамжуулж, түгээхэд асар их хөрөнгө орно. Энэ бол бүтэхгүй ажил. Бүтэхгүй ажил байхад л татвар төлөгчдийн асар их мөнгийг үр дүн багатайгаар үрээд байгаа.

Утаанаас салах цогц бодлого шаардлагатай. Ахуйн хийг төрийн бодлого, зохицуулалтаар дэмжээд хөгжүүлбэл утаанаас бүрэн гүйцэт ангижирч болно. Цахилгаан машиныг дэмжих бодлого мөн нэн шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний хуулинд “Нарны дээвэр”-ийг оруулж дэмжсэн бодлого батлуулбал утаанаас салахад мөн хувь нэмэртэй ажил болно. Одоо байгаа хууль нь том чадлын сэргээгдэх эрчим хүчний эс үүсвэрүүдийг дэмждэг болохоос бага чадлын эх үүсвэр дээр ямар ч зохицуулалт байхгүй. Хуулийн зохицуулалт байхгүй учир хүмүүс хөрөнгө оруулахгүй байгаа юм. Айл бүр байшингийнхаа дээвэр дээр хэдэн нарны панел тавиад өөрсдийн цахилгааны эх үүсвэрээ тодорхой түвшинд хангах боломж бүрэн бий. Ийм хэрэгцээ ч иргэдэд их байдаг. Манай дээр зөндөө хүн асууж, сураглаж ирдэг. Нарны дээвэр хөгждөггүй гол учир нь илүүдэл эрчим хүчийг төр худалдаж авдаггүйд байна. Авдаггүй юмаа гэхэд үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь худалдан авсан эрчим хүчтэй нь баланслуулаад өгөх хэрэгтэй. Бага чадлын тархсан эрчим хүчний үүсгүүрүүд нь ухаалаг сүлжээг байгуулах, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэртэй. Манайхаас бусад оронд ийм зохицуулалт яваад байхад бид ганцаараа үлдчихлээ.  

 -Эрчим хүчний салбарын хүнээс 5 дугаар цахилгаан станцын тухай эцэст нь асууя. Шав тавьсан тоогоороо Гиннесийн номонд орох байх?

-. Энэ бол Монгол улсын хөгжлийн эсрэг хийгдсэн бас нэг шийдвэр. Би дээр хэлсэн шүү дээ. Монголын төр Монголыг дампууруулахын төлөө ажилладаг юм уу даа гэж.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

 Д.Төв

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.