🔴Л.Мөнхбаясгалан: Төр өдийг хүртэл шатахууны үнийн хөөрөгдлөөс сэргийлж ирсэн ч, өнөөдөр 2000 төгрөгөөр нэмэгдлээ

AI хөрвүүлсэн
🔴Л.Мөнхбаясгалан: Төр өдийг хүртэл шатахууны үнийн хөөрөгдлөөс сэргийлж ирсэн ч, өнөөдөр 2000 төгрөгөөр нэмэгдлээ

Ардчилсан намаас уламжлал болгон зохион байгуулдаг "4:11" мэдээллийн цаг-аар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан болон намын удирдлагууд цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнгөрсөн өдрүүдэд Хөдөө аж ахуйг дэмжих сантай холбоотой авлига, хулгай, нэг эзэнтэй компаниудад олгосон хөнгөлөлттэй санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх байсан ч чуулган хуралдаж чадаагүй, гишүүд ирээгүйг сануулаад, тус нам уг асуудлыг анхаарлын төвдөө байлгаж, үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 

-Би Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн. Төрөөс ХХААХҮ-ийн салбарт олгож байгаа урамшуулал, зээлийн хүүгийн татаас хэрхэн хэрэгжиж буйг шалгах ажлын хэсэгт ажилласан. 

Монгол Улсын Засгийн газар болон салбарын сайд Г.Дамдиннямыг долоодугаар сараас хойш тэвчээртэй харж хүлээлээ. Шатахууны бодит хомстол долоодугаар сараас эхэлсэн бөгөөд тухайн үед би сайдтай хэд хэдэн удаа утсаар ярьж, асуудал хэзээ шийдэгдэхийг лавлаж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл байдал дээрдсэнгүй. Сайд нар өөрсдөө энэ хүйтэнд гадаа дугаарлаж хонож, хөдөө хээр шатахуунгүй гацаж үзээгүй учраас ард түмний зовлонг ойлгохгүй байна. Сайд Г.Дамдинням 'Япон улсаас нөөцийн сав барих хөрөнгө оруулалтад гарын үсэг зурж байна, БНСУ, БНХАУ-аас оруулж ирэх гэж байна' гэх үлгэрээ ярьсаар гурван сар өнгөрлөө. 

2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг Г.Дамдинням сайд өөрөө лоббидон батлуулсан. Энэ хуулийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад нөөцийн сав барихад зориулан Монголбанкнаас 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор тусгасан. Анх 13.5 хувийн хүүтэй байсан уг санхүүжилт арилжааны банкаар дамжихдаа эрсдэл, шимтгэл нь нэмэгдэж 18 хувь болсон ч улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас өгснөөр аж ахуйн нэгжүүдэд жилийн есөн хувийн хүүтэй очсон. 2026 онд зээлийн хүүгийн татааст улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс 20 тэрбум төгрөг зарцуулсан. 

Шатахууны нөөцийн сав барих зориулалтаар арилжааны банкуудаар дамжуулан хүүгийн татаастай зээл авсан компаниудын мэдээлэл:

  • "Шунхлай" компани — 30 тэрбум 116 сая 104 мянган төгрөг
  • "Петрохан" — 10 тэрбум төгрөг
  • "Шинэ 92" — 6 тэрбум төгрөг
  • "Он Ул" — 5 тэрбум 170 сая 500 мянган төгрөг
  • "Сэнчийн ойр" — 5.1 тэрбум төгрөг
  • "Тэс петролиум" — 5 тэрбум төгрөг
  • "Сан петролиум" — 5 тэрбум төгрөг
  • "Сод Монгол" — 3 тэрбум 131 сая төгрөг (Тус компани 2025 оны 9 дүгээр сарын 17-нд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас зарласан 450 тэрбум төгрөгийн дизель түлш нийлүүлэх тендерт ганцаараа оролцож шалгарсан тул хардаж байгаагаа гишүүн онцлов)
  • "Ө Жи Энержи ойл" — 2 тэрбум 750 сая төгрөг
  • "Велком" — 2 тэрбум 750 сая төгрөг
  • "Петровна" — 2.7 тэрбум төгрөг
  • "Интернэйшнл" — 2.5 тэрбум төгрөг
  • "Морьт Говь ойл" — 2.5 тэрбум төгрөг
  • "Либерти Энержи" — 2 тэрбум төгрөг
  • "Ди Би Ойл" — 750 сая төгрөг
  • "Хөрс авто сервис" — 397 сая төгрөг

Эдгээр компаниуд есхөн хувийн хүүтэй зээл авч, дээр нь татвар төлөгчдийн мөнгөнөөс 20 тэрбум төгрөгийн татаас хүртсэн. Сайд "20 жил сав бариагүй, би шинээр барих гэж байна" гэж ярьдаг. Гэтэл манай улсад өмнө нь 45 хоногийн шатахуун нөөцлөх сав байсан. Харин энэ олгосон 500 тэрбум төгрөгийн зээлээр ердөө 14 хоногийн нөөцийн сав л нэмэгдэж байгаа юм. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын зах зээл дээр жилд хоёр тэрбум 500 сая ам.доллар буюу есөн их наяд төгрөг эргэлддэг. Энэ нь улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө. Төр өдийг хүртэл үнийн хөөрөгдлөөс сэргийлж татварын хөнгөлөлт олгож, үнийг барьж ирсэн бол өнөөдөр үнийг нь чөлөөлж, АИ-92 автобензиний үнийг 2,000 төгрөгөөр нэмлээ. Ингэснээр энэ зах зээлийг хэдхэн картель, сайдын мэдэлд өгч, МАН-ын санхүүжилт рүү чиглүүлж байна гэж харж байна. 

Инфляц өсөж, хүнсний барааны үнэ 24 хувиар нэмэгдсэн байна. Айлууд нэг сарын хүнсээ ч базааж чадахгүй, дундаж давхарга үгүй болж, ЖДҮ эрхлэгчид хаалгаа барьж байна. Хөдөө орон нутагт төмөр канистрын наймаа цэцэглэж, иргэд долоо хоногт ганц удаа өгөх шатахуунд бүх ажлаа хаяад оочерлож байна. Ийм байдалд хүргэсэн Засгийн газар болон салбарын сайдад хариуцлага тооцох ёстой. 

ХХААХҮ-ийн салбарын дэмжлэг, урамшууллын хувьд улсын хэмжээнд олгодог долоон төрлийн урамшуулалд гарсан зөрүү болон санхүүгийн зөрчлүүдээс дурдвал:

  • Улаан буудайн урамшуулал: 21 тэрбум төгрөгийн зөрүүтэй. Нэг эзэмшигчтэй 13 аж ахуйн нэгж 18 тэрбум төгрөгийн дэмжлэг авсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн 30 ААН 532 сая төгрөг авсан зөрчил илэрсэн. Ирүүлэх ёстой баримтын 63 хувь нь ирээгүй.
  • Ноолуурын урамшуулал: Материалаа огт ирүүлээгүй тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болсон.
  • Арьс ширний урамшуулал: 17 тэрбум төгрөгийн зөрүүтэй.
  • Түүхий сүүний урамшуулал: 8.4 тэрбум төгрөгийн зөрүүтэй.
  • Хүнсний урамшуулал: 0.2 тэрбум төгрөгийн зөрүүтэй.
  • Тэмээний ноосны урамшуулал: 249.2 тэрбум төгрөгийн зөрүүтэй.
  • Махны урамшуулал: 536 тэрбум төгрөгийн зөрүү гарсан.

2020 оноос эхлэн импортын сүүний хэмжээг бууруулах зорилгоор хуурай сүүний урамшуулал олгож эхэлсэн. Гэтэл 2020 онд 2,700 тонн хуурай сүү импортолж байсан бол 2025 онд 5,500 тонн болж хоёр дахин өссөн байна. ХХААХҮ-ийн салбарт төсвөөс их хэмжээний дэмжлэг өгсөн боловч ажлын байр 31 мянгаар хорогдож, импортын хамаарал тав дахин нэмэгдсэн нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Бүтээмж өссөн зүйл алга. Иймээс энэхүү ажлын хэсгийг мөрдөн шалгах бүрэн эрхтэй, гэрч дуудах чадамжтай УИХ-ын Түр хороо болгон ажиллуулах шаардлагатай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.